Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм.
Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын таван дээд амжилт болон дэлхийн нэг дээд амжилт тус тус шинэчлэгдлээ. Тухайлбал, 15 минутын “Тооны марафон” төрөлд 1168 цифр байсан Хятадын тамирчны эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг олон улсын их мастер Т.Тэнүүн 1260 цифр болгон шинэчиллээ.
Энэ жилийн улсын аваргын бага насны ангилалд 2020 оны Улсын аварга Д.Хүслэн (2580 оноо), өсвөрийн ангилалд Азийн мастер Ш.Наранбат (5464 оноо), насанд хүрэгчдийн ангилалд олон улсын их мастер Т.Тэнүүн (7322 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртлээ.
Харин тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор нийт тамирчдаа тэргүүлэн 2021 оны улсын аваргаар олон улсын их мастер Т.Тэнүүн (7322 оноо) тодорч аваргын цом, медаль, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм. Нийлбэр дүнгээр дэд байрт 2017 оны өсвөрийн дэлхийн аварга, Гиннесийн рекордыг эзэмшигч, олон улсын их мастер Э.Лхагвадулам (6133 оноо) шалгарч 750,000 төгрөг, гутгаар байрт Оюуны олимпийн мөнгөн медальт, олон улсын их мастер Э.Пүрэвжав (6066 оноо) шалгарч 500,000 төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртлээ.