Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Ойн салбарын үндэсний чуулган” эхний өдрөө “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд тахимаар болон цахимаар 200 орчим эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож санал хүсэлтээ илэрхийлж, асуудал, шийдлээ хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, Монгол улсын ойн салбарын бодлого болон бүтэц тогтолцоог хөгжүүлэхэд ойн салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож ойн салбарыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж, “МОНГОЛЫН ОЙ МОДНЫ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДЭЛ” БАЙГУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ 18 төрийн бус байгууллага үзэглэлээ.
“Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл” /цаашид “мэргэжлийн холбоодын нэгдэл” гэх/ дараах зарчмаар хамтран ажиллахаар тогтов.
- Мэргэжлийн холбоодын нэгдэл нь гишүүн байгууллагуудыг төлөөлж төрийн захиргааны байгууллагуудтай харилцаж, хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Ой модны салбарын хууль, эрх зүй, бүтэц тогтолцоог сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих;
- Тэрбум мод хөдөлгөөнд иргэд, олон нийтийн оролцоог мэргэжлийн удирдлагаар хангах, тайлбарлан таниулах, сурталчлахад манлайлан оролцох;
- Гишүүн байгууллагуудын төлөөлөл нь мэргэжлийн холбоодын нэгдлийн удирдах зөвлөл, ажлын албанд оролцох эрхтэй;
Санамж бичиг байгуулсан ойн салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нь харилцан тэгш эрхтэй байх ба шинээр гишүүнчлэл элсүүлэх асуудлыг дүрмээр зохицуулна.
САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН:
1. Монголын ойчид, ой модны үйлдвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баасанбямба
2. Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Бямбасүрэн
3. Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Д.Өлзийбаяр
4. Монголын ой модны салбарын нэгдсэн холбооны тэргүүн Г.Лувсанцэрэн
5. Ойн тооллого, ой зохион байгуулалт эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Ариунболд
6. Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциацийн тэргүүн Ц.Цогоо
7. Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын тэргүүн Л.Доржцэдэн
8. Монголын ой судлалын нийгэмлэгийн менежер Ц.Хонгор
9. Монголын улиас судлаачдын холбооны тэргүүн Д.Дэлгэржаргал
10. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ
11. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Жавхлантөгс
12. Монголын байгаль орчныг хамгаалах холбооны ерөнхийлөгч Н.Бадамханд
13. Ойжуулалт ойн нөхөн сэргээлт эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Ууганбаяр
14. Ойн арчилгаа, цэвэрлэгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Сэр-Од
15. Модны жилийн цагираг судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Бямбагэрэл
16. Залуу ой нийгэмлэгийн тэргүүн С.Гэрэлбаатар
17. Төв Азийн түймрийн менежментийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Билэгт
18. Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл ТББ-ын тэргүүн З.Болдбаатар