Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.
Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж ийнхүү Монгол улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм.
Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй. МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид ийнхүү олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг аж.