УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Олон улсын байгууллагууд манай улсыг хүний эрхийг хэрхэн дээдэлж байгааг харж байдаг. Хууль хяналтын байгуулагуудаас өнгөрсөн найман сард хүний эрхтэй холбогдсон олон улсын гэрээ конвенцид нэгдсэн үүргээ биелүүлж байгаа эсэх тайлан мэдээллүүд авсан дээрээ дүгнэлт гаргаад явж байна.
Сүүлийн үед хүний манай улсад жам ёсны эрхэд халдсан үйлдлүүд гарч байна. Үндсэн хуулиар иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Жагсал цуглаан хийх эрхтэй. Гэтэл өнөөдөр харьяа хорооны Засаг даргаас зөвшөөрөл авч байж үг хэлж, жагсаал цуглаан хийдэг болсон байна.
Засаг даргад заавал жагсаал цуглаан хийх талаараа мэдэгдэж, Засаг дарга нь гурван хоногийн дотор бүртгэж, бүртгэхээс татгалздаг болсон байна. 2015 оны шинэчилсэн найруулгаар энэ хууль маш том ухралт бий болгосон. Хэрвээ иргэд жагсаал цуглаан хийх бол Засаг даргадаа мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг, зөвшөөрөл авдаггүй байх ёстой.
Үүнээс болж зөвшөөрөлгүй жагсаал хэмээн цагдаа нар ирээд үл ойлголцол гардаг. Иргэд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй болж байна.
Тиймээс 1994 онд батлагдсан Жагсаал цуглаан хийх тухай хуульд жагсаал хийхдээ зөвшөөрөл авахгүйгээр Засаг даргадаа мэдээллээ хүргүүлдэг байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж байна. Засаг дарга нь тусгай зөвшөөрөл олгож байгаа мэт асуудалд хандаж байгаа нь олон улсын гэрээ конвецийг ноцтой зөрчиж байна. Хуулийн дагуу 14 хоногийг дотор Засгийн газраас санал ирэх ёстой. 14 хоногийн дараа УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.