Аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож эхэлсэн.
Цахим визээр нэвтэрсэн анхны жуулчин Бүгд Найрамдах Солонгос Улсын Ким Тэеk Хээ гэх иргэн бөгөөд тэрбээр жуулчин буюу К2 ангиллын визийг цахимаар мэдүүлж, Сөүл-Улаанбаатар нислэгээр аравдугаар сарын 29-нд Монгол Улсад иржээ.
Тухайн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаадын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, консул Ким Тэ Ван нар ирсэн өдөр нь угтан авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Ким Тэек Хээ хэлэхдээ “Би анх удаа Монгол Улсын виз мэдүүлсэн. Өмнө нь материалаа бүрдүүлэх, БНСУ дахь Монгол Улсын Консулын хэлтсээр дамжуулж виз мэдүүлдэг зэрэг нь жаахан төвөгтэй гэж сонсож байсан. Харин цахим виз олгож байгаа гэж сонсоод, цахим виз мэдүүлж үзэхэд маш амар, хялбар байлаа. Хариу ч хурдан ирсэн.
Монголд аялахаар ирэхэд үнэхээр таатай байлаа. Монгол Улсад 10 гаруй хоног аялна. Анх удаа ирэхэд маань маш сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Анхны сэтгэгдэл ийм сайхан байгаа учир цаашдаа ч Монгол Улс миний хувьд их утга учиртай, чухал улс орон байх болно” гэж байв.
Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байгаа юм.
Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам