Энэ оны аравдугаар сард дэлхий дахинаа хүнсний бүтээгдэхүүний үнэ 2011 оны долоодугаар сард тогтоосон дээд хэмжээг давсан тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын баримтад тэмдэглэжээ.
Ялангуяа ургамлын тос, үр тарианы үнэ хамгийн ихээр өссөн байна. FAO-ын мэдээллээс үзэхэд ургамлын тосны үнийн индекс 184,8 пункт болсон нь есдүгээр сартай харьцуулахад 9,6%-иар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Энэ үзүүлэлт нь далдуу мод, шар буурцаг, наранцэцэг, рапсын тосны үнийн өсөлтөөр тайлбарлагдаж буй юм.
Малайзад үйлдвэрлэлийн хэмжээ нь буурч магадгүй гэдэг болгоомжлолоос болоод далдуу модны тосны дэлхийн үнэ аравдугаар сар гэхэд 4 дэх сардаа дараалан нэмэгдсэн байна. Энд ажиллах хүчний хомсдол үүсчээ. Мөн Энэтхэгт далдуу мод, шар буурцаг, наранцэцгийн тосны эрэлт өссөн байна. Тус улс эдгээр хүнсэнд ногдуулдаг импортын татвараа бууруулжээ. Рапсын тосны үнэ өссөн нь эрэлт, санал хүрэлдцэхгүй болсонтой холбоотой гэж тайлбарлаж байна.
Үүнээс гадна ургамлын тосны үнэ нэмэгдсэн нь нефтийн үнийн өсөлттэй холбоотой гэж НҮБ үзэж байна.
FAO-ын мэдээллээр, үр тарианы үнийн индекс аравдугаар сард 3,2%-иар нэмэгдэж, 137,1 пунктэд хүрсэн байна. Тэр дундаа улаан буудай илүү ихээр нэмэгджээ. Шалтгаан нь Канад, Орос, АНУ-д ургацын хэмжээ буурсантай холбоотой. Хөх тариа, эрдэнэ шиш ч мөн эрчим хүчний нөөцийн өсөлтөөс болоод нэмэгджээ.
НҮБ Иран, Турк, АНУ-ын үйлдвэрлэлийн үнэлгээг хийж дууссаны дараа 2021 онд түр тарианы дэлхийн үйлдвэрлэл 2,793 тэрбум тонноос 2,8 тэрбум тоннд хүрнэ гэж урьдчилсан дүнгээ бууруулсныг Reuters тэмдэглэжээ.
Сүүн бүтээгдэхүүний үнэ тийм ч ихээр нэмэгдээгүй байна. Аравдугаар сарын үнийн индекс 2,2%-иар нэмэгдэж 120,7 пункт болжээ. Цөцгийн тосны үнэ хоёр сар дараалан өссөнөөс гадна тослоггүй, хуурай сүү ч өсөж байна.
Харин махны үнэ 0,7%-иар буурсан нь Хятад улс гахайн махны импортоо багасгасантай холбоотой. Бразилын зах зээлээс болоод үхрийн махны үнэ ч буурчээ. Шувууны мах эрэлтээсээ болоод нэмэгдсэн нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ удаашралтайгаар өсөж, шувууны тэжээл нэмэгдсэн, мөн Европт шувууны ханиад дэгдсэнээс болжээ.
Элсэн чихрийн үнэ 1,8%-иар буурсныг FAO мэдээллээ. Зургаан сар дараалан өссөн юм.
Эх сурвалж: FOCUS