“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын яам Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-г дэмжих төвтэй хамтран зөвлөгөөн, үзэсгэлэн, чадахжуулах сургалт зэрэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтэд танилцууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн нар оролцлоо.
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 43 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч байдаг бөгөөд ДНБ-ий 18 хувь, экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг байна. Энэ дотроо соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуйн нэгж байдаг бөгөөд тэд голчлон соёлын, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул аялал жуулчлал дагасан борлуулалт нь тул цар тахлын нөлөөгөөр удаашралтай болж үйлдвэрлэл нь хумигдахад хүрч байгаа юм.
Тиймээс Соёлын яам Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг экспортын бүтээгдэхүүн болгох, үнэ цэн бүтээх гэх мэтээр тулгамдаж буй асуудал, санал шийдлээ өнөөдөр ярилцаж, соёлын ЖДҮҮ эрхлэгчдийн зарим бүтээлийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн гаргасан юм.
Энэхүү үзэсгэлэнд бурхан урлаачдын урласан бурхад, Монгол эрэгтэйн их гарын хэт хутга, хөөрөг, гаанс, даалин, Монгол хатадын зүүсгэл өмсгөл, дээл ууж, Монголчуудын эрт дээр үеэс эхлэн өдөр тутамдаа эдэлж хэрэглэж байсан домбо гүц, эсгий урлалын бүтээлүүд, Монгол үндэсний хэв загварын хувцас, гоёл чимэглэлүүд, зэс болон мөнгөн аяга, хээ угалзтай авдар зэрэг түүх соёлын дурсгал болох 200 орчим нэр төрлийн соёлын бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ.