Хятадын үйл ажиллагаа явуулдаг ижил хүйстний эрх ашгийг хамгаалдаг нөлөө бүхий өмгөөллийн ЛГБТ бүлэг нийгмийн идэвхжилээ хязгаарлаж үйл ажиллагаагаа зогсоожээ. ЛГБТ Пүрэв гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан бүх үйл ажиллагаагаа зогсоож, олон нийтийн сүлжээгээ хааж байгаагаа мэдэгдсэн байна.
Тус бүлэг бид бүх үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсооно гэж хэлэхдээ гүнээ харамсаж байна гээд Хятадад өргөн хэрэглэгддэг хоёр платформ болох WeChat болон Weibo дахь хаягуудаа мөн хаажээ.
Бүлгийн бүх үйл ажиллагаа хаагдсаныг гишүүд нь мөн баталсан байна. Ассошиэйтед Пресс агентлагт ярилцлага өгсөн гишүүн аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлахыг хүсээд бүлэг хаагдсан шалтгааныг хэлэхээс татгалзсан байна.
Мөн группын үүсгэн байгуулагч Пэн Янзи АР агентлагийн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
ЛГБТ бүлэг нь Хятадад улс орон даяар үйл ажиллагаа явуулж, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэж, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж байсан бөгөөд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалттай тэмцэж, хувь хүмүүс болон ажил олгогчдын дунд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд тусалж байсан юм.
Ижил хүйстнүүдэд тусалдаг олон бүлгүүд байдаг ч ЛГБТ нь хүний эрхийн өмгөөллийг хууль, бодлогын хэмжээнд өөрчлөхөд анхаарлаа хандуулсан цөөн хэдэн бүлгүүдийн нэг юм.
Синьхуа агентлаг Хятадын Иргэний хэргийн яам 3300 хууль бус нийгмийн байгууллагыг шийдвэрлэсэн тухай Баасан гаригт мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар тус яам төрийн байгууллагад бүртгэлгүй 200 орчим хууль бус цахим хуудас, олон нийтийн сүлжээний хаягийг хаажээ.
Тус бүлгийн хаягыг Засгийн газрын кампанит ажлын хүрээнд хаасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус яам факсаар илгээсэн асуулт, хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.
Тус бүлгийг үүсгэн байгуулагчдыг таньдаг, нэрээ нууцалсан 30 настай ЛГБТ идэвхтэн хэлэхдээ, тус бүлэг хэдэн сарын өмнө асуудалтай тулгарсан гэжээ. Тухайн үед энэхүү бүлэгт ажиллаж байсан хэд хэдэн хуульчид ажлаа зогсоосон байна.
Эх сурвалж: АР