Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр, 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Орос Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж, дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол Улсыг НҮБ-ын гишүүн орон болгон элсүүлэхийг монголчуудтай хамт оросууд хүчин зүтгэж байсныг мэндчилгээний эхэнд онцолжээ.
Мэндчилгээнд, “Манай хоёр орон болон манай ард түмэн бие биендээ түшиг тулгуур болж, ажилчин хөдөлмөрчин, дайчин цэргийн бат бөх нөхөрлөлийн урт удаан замыг хамтдаа туулжээ. Монголын газар шороон дээр бид хамтдаа төмөр зам, аж үйлдвэрийн байгууламжууд болон бүхэл бүтэн хотуудыг барьж байгуулан, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог бий болгож, Халхын гол дээр болон дэлхийн хоёрдугаар дайны үеэр мөр зэрэгцэн тулалдаж, сансар огторгуйг хамтдаа судалж, шинжлэх ухааны хамтарсан нээлтүүдийг хийсээр ирсэн. Түүнчлэн бид хамтдаа нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэ тогтолцоонд шилжсэн билээ” хэмээсэн байна.
Түүнчлэн 2019 оны 9-р сарын 3-нд гарын үсэг зурагдаж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл хөгжүүлэх тухай хугацаагүй гэрээ хоёр орныг орчин үеийн хамтын ажиллагааны шинэ хэрэгсэл болсныг дурджээ.
Одоогоор бүх талын хамтын ажиллагааны бат бөх суурь тавигдсан бөгөөд Монгол, Оросын хооронд аливаа маргаантай асуудал байхгүйг тодотгоод, “Бид энх тайван, сайн хөршийн хилээр холбогдсон. Итгэлт дотно яриа хэлэлцээ, олон талын харилцаа холбоог бүх түвшинд хадгална” хэмээсэн байна.
“Хамтын ажиллагааны түүчээ болсон, хамтын хүч хөдөлмөрөөр босгосон томоохон үйлдвэрүүд болон Дархан, Эрдэнэт зэрэг бүхэл бүтэн хотууд нь өдгөө ч Монголын аж үйлдвэрийн салбарын болоод экспортын чадавхын гол тулгуур хэвээр байна. “УБТЗ” НХН нь ачаа эргэлтээрээ дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй төмөр зам болжээ. Гэсэн ч энэхүү томоохон аж ахуйг сайжруулах шаардлагатай байна. Дэд бүтэц, эрчим хүч, геологи, хөдөө аж ахуй болон бусад олон салбарт хамтран ажиллах ирээдүйтэй сайхан боломж байна” гэдгийг тэмдэглэжээ.
Монголын бараа бүтээгдэхүүн ЕАЭЗХ-ны улс орнуудын зах зээлд нэвтрэхэд саад болж буй тарифын бэрхшээлүүдийг эрс хязгаарлах замаар манай хоёр орны худалдааны сөрөг тэнцлийг бууруулах шаардлагатай байгааг дурдаад, ЕАЭЗХ-ны ажиглагчийн статустай болохыг Монголчуудад уриалав.
Тэрбээр, Батлан хамгаалахын салбар дахь уламжлалт дотно харилцаа холбоо улам бэхжиж сонсогч, офицерууд Оросын цэргийн боловсролын байгууллагад мэргэжлийн сургалтад хамрагдаж байгааг дурдав. Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 600 гаруй монгол оюутныг Оросын их дээд сургуульд суралцуулж байгаа зэргээр боловсролын салбарын хамтын ажиллагаа хөгжиж буйг тэмдэглэсэн байна.
Тэрбээр, “Олон улсын харилцааны асуудлаарх Монгол, Оросын байр суурь ойролцоо, эсвэл яг таг таарч байдаг ба манай хоёр орон дэлхийн болон бүс нутгийн томоохон асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө нэгдмэл байр суурьтай байдаг. Ирэх 100 жилд манай хоёр орны харилцаа холбоо шинэ агуулгаар баяжиж, Монголын болон Оросын ард түмний сайн сайхны төлөө найрсаг, сайн хөршийн харилцаа маань улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид үүний төлөө чадах бүхнээ хийж байна. Та бүхэнд энэхүү гайхамшигт, чухал ойн баярын мэндийг дахин хүргэе” хэмээн эцэст нь тэмдэглэжээ.