Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд зохион байгуулав.
Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар үг хэллээ.
“Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил” сэдэвт хамтарсан нэг нэрийн блок марканд хоёр улсын үндэсний хөгжмийн зэмсэг морин хуур, балалайк болон 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан Монгол, Оросын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээний хуулбар, 100 жилийн ойн лого, Улаанбаатар, Москва хотын түүхийн дурсгалт газрууд сүм, хийд, музей, орчин үеийн барилга, байгууламжуудыг дүрслэн харуулжээ.
Хоёр улсын шуудангийн компаниуд хамтран гаргаж буй уг маркийн нээлтийн ажиллагаа өнөөдөр ОХУ-д мөн болно.
“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолын ажиллагаанд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав.
Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч, ГХЯ-ны Хөрш орнуудын газар, Гадаад харилцааны Төв архив, “Хан Мюзик” ХХК-иас холбогдох зураг, материалын туслалцаа үзүүлж хамтран ажилласан болно.
Энэхүү маркийг “Монгол Шуудан” ХК-аас худалдан авах боломжтой.