УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Одоо шинэ нөхцөл байдал яригдаж байгаа нь койн юм. Койнд 600 мянган иргэн 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж байгаагаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос бараг 10 дахин их хүн оролцож тэр хэмжээний их хөрөнгө энэ чиглэлд эргэлдэж байна. Нэгэнт дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа иргэдэд анхааруулж байгаа. Энэ онцлог харилцааг чуулганы танхимаас УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх газруудаас өгч байгаа сэрэмжлүүлгийг дэмжиж, дахин хэлмээр байна. Иргэн та энэ төрлийн хохирогч болвол араа өөрөө даана. Манайд өнөөдөр энэ чиглэлийн хууль эрх зүйн зохицуулалтгүй байна. УИХ-аас энэ чиглэлээр хууль гаргаагүй, төр бүртгэж зөвшөөрөл олгоогүй.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Виртуал хөрөнгийн хууль батлагдтал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарлахыг сануулав.
Тэрбээр “Хэрвээ иргэд койн аваад хохирвол Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хангалтгүй. Койны асуудал хэрээс хэтэрлээ. Иргэд цалингаа урьдчилж аваад койн авч байна. Тэгэхээр УИХ төрийн мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ үеэр анхааралдаа авахгүй бол болохгүй нь ээ.
Виртуал хөрөнгийн тухай хуульд энэ асуудлыг оруулж байгаа учир хууль батлагдвал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарламаар байна” гэлээ.