Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар эсрэг байр суурьтай байгаа гишүүд ийнхүү хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Эхлээд Монгол Улсад төрийн өмч гэдэгт юуг оруулах вэ гэдэг хуулиа шинэчилье. Үүнээс улбаалж зааглаад төрийн өмчийн компаниудыг ямар хүрээнд байгуулах вэ гэдгийг эхлээд шийдэх ёстой. Төр бол эдийн засгийн харилцаанд нэг бол зохицуулагчийн байр сууриар, эсвэл оролцогчийн байр сууриар оролцдог. Даатгалын асуудал дээр төр зохицуулагчийн байр сууринаас л оролцох ёстой гэж үздэг. Даатгуулагчдаас цугларсан мөнгө бол төрийн мөнгө биш. Төрийн мөнгө биш учраас төр өөрөө 100 хувь дангаар оролцдоггүй. НДҮЗ, ЭМДҮЗ дээр ч гуравны нэг нь төрийн төлөөлөл байдаг. Хоёрдугаарт ашгийн төлөө бус буюу ТББ-ын хуулиа бид шинэчлэх ёстой. Даатгалын харилцааг ашгийн бус, төрийн мэдэлд авна гэх юм. Ямар ч ашиггүй юм бол хийх хүн олдох уу. Эсвэл төр авч дампууруулах гээд байгаа юм уу. Тэгэхээр эдгээр хуулийг цэгцэлсний дараа даатгалын асуудлыг эргэж ярих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Ашигтай ажиллаж байгаа гэж хардсан салбар руугаа төрийг оруулж социализм байгуулах гээд байгаа юм биш үү. Тэгвэл банкийг ч гэсэн төр авъя. Ашгийн бус, нийтийн төлөө гэдэг нэрийдлээр төрийн компани байгуулаад явъя. Даатгалын хуулийг боловсруулаад ирээч гэж СЗХ-ныхонд хэлсэн. Та бүгдийг ажлаа хийхгүй болохоор үндсэн бодлого эвдсэн иймэрхүү хуулиудыг гишүүд оруулж ирээд байна. Хэрэв УИХ энэ хуулийг баталбал жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн тулд төрөөс 9 дүүрэг 150 хороо, 330 суманд салбартай компани байгуулж таарахаар байна. 30 жил ардчиллаар явчихаар буцаад социализм байгуулж болохгүй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Сүүлийн үед төр данхайх тал руугаа явлаа. 2 яам, хэдэн агентлаг байгуулж, төсөв тэлж байгаа нь буруу. Хувийн компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр ажлыг нь авч хийнэ гэдэг хандлага ажиглагдаж байна. Энэ хандлага маш буруу шүү. 9 жилийн өмнөхтэй харьцуулахад даатгалын компаниуд арай гайгүй болж, үйл ажиллагаа нь жигдэрч байна. Албан журмын даатгалд дутуу зүйл байгаа байх Т.Аюурсайхан гишүүн ээ. Үүнийг сайжруулах нэрийдлээр төр бизнесийг нь булааж авна гэдэг бол даахгүй нохой булуу хураахын үлгэр болно. Дутуу хийгдээд байгаа зүйлийг нөхөж хийх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж болох байтал даатгалыг дэмжихийн оронд намнаж болохгүй. Тал талаасаа нээлттэй сайхан ярилцаж байгаад шийдлээ гаргаад сайжруулаарай.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Даатгалын 3-4 компани хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаад 4000-аад хувьцаа эзэмшигчтэй болсон. Дөнгөж босоод ирж байхад нь бизнесийг нь булаагаад авчихаар 4000 хүн яах юм, компаниуд нь, тэнд ажиллагсад яах юм. Энэ хуулийг баталснаар ослын тоо буурна гэж харагдахгүй байна. Хоёрхон сарын өмнө манай төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд хувийн хэвшлийнхэнтэй уулзаад хувийн хэвшлээ хөл дээр нь босгоё, дэмжье гэж ярьсан. Тэгээд ийм эсрэг хуулийн төслийг оруулаад ирж болдог юм уу. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн байгаа байдал ямар байгаа билээ. Дахиад сан байгуулаад дампууруулах уу. Бизнесийн байгууллагын ажиллаж байгаа салбарт төр орж ирээд ажлыг нь булаах бодлогын өөрчлөлт зөв үү.