Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл 4 төрлийн бараа бүтээгдэхүүн дангаараа 8-р сарын инфляцийн 51 хувийг тайлбарлаж байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын инфляци 8-р сард 9.1 хувьд хүрсний хамгийн том нөлөөг өмнөх жилээс 38% өсөөд буй шатахууны үнэ үзүүлж байна. Энэ нь инфляцийн 1.7 нэгж хувийг бүрдүүлжээ. Мөн махны үнэ инфляцийн 1.6 нэгж хувийг, хатуу түлшний үнэ 0.8 нэгж хувийг тайлбарлаж байгаа.
Автомашины үнэ ч гэсэн өндөр өсөлттэй байж инфляцийн 0.6 нэгж хувийг бүрдүүлсэн. Эдгээр зүйлс нь инфляцийн дийлэнх хувийг тайлбарлаж байгаа учраас өнөөгийн үнийн өсөлтийг эдийн засгийн сэргэлтээс үүдсэн гэж дүгнэж болохооргүй байна. Хоёрдугаарт, олон улсын тээвэр логистикт үүсээд буй түгжрэл, үүнтэй уялдсан тээврийн зардлын өсөлт импортын бараанд шингэж байна.
Азийн бүс нутгийн экспорт эрчимтэй сэргэж, хямралын өмнөх үеийн түвшнээс давсан, цаашид өсөлт нь хадгалагдах хүлээлт бий болсон нь тээвэр логистикт түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Үүнийг дагаад тээврийн хөлс өндөр өсөлттэй байгааг стандарт контейнерийн үнийн индекс огцом нэмэгдсэнээс харж болно. Тухайлбал 2020 оны эхний хагаст 1600 орчим ам.доллар байсан контейнерийн тээврийн үнэ 2021 оны 9-р сарын байдлаар 10,000 ам.долларыг давсан байна”.