Өвөрхангай аймагт хэдхэн хоногийн өмнө төгсөх ангийн сурагч охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг олны анхаарлыг татаж байна. Хохирогчийг сүрдүүлж, буудаж хөнөөсөн этгээд удаа дараагийн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, айлгаж, дарамталж байсан тухай гэрчүүд хэвлэлд ярьжээ. Талийгаач энэ талаар багш нартаа хэлж ойлгуулахыг хичээдэг байжээ. Харин хайнга, хариуцлагагүй багш нар нь түүнийг тохуурхан шоглож байсныг хэвлэлүүд эх сурвалжаас авсан мэдээлэлдээ дурдсан. Энэ хэргийн тухайд багш нар нь мэдсэн атал яагаад хэн ч охиныг хамгаалсангүй вэ? Тэд хэрэвзээ охиныг хамгаалсан бол байдал ийм дээрээ тулах байсан уу гэх асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Сургууль бол хүүхдүүдийн хоёр дахь гэр. Эцэг эх, найз нөхдийнхөө хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн ганц “аврал” нь багш байх учиртай. Гэтэл багш нар өөрсдөө хүчирхийлэгчид болж хувирдаг цөөнгүй жишээ бий. Адаглаад л сурагчдаа ангийнхных нь өмнө элдвээр нэр хоч өгч, зодож цохих нь хэвийн үзэгдэл болсон.
Хөдөө орон нутагт, дотуур байранд гэр бүлээсээ хол байгаа сурагчдад тохиолддог хэргийн ердөө нэг жишээ нь энэ. Гэр орноосоо хол амьдарч буй тэдний асран хүмүүжүүлэгчид нь ангийн багш байдаг. Гэтэл ангийн багш нь талийгаачийг хамгаалах нь бүү хэл давхар, давхар хүчирхийлэлд унагажээ.
БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ӨӨГШҮҮЛЭХ ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ БОЛСОН
Хүчирхийлэл олон янз бий. Гэр бүлийн хүрээнд, сургуулийн орчинд, үе тэнгийнхний дарамт шахалт гээд. Гэрээсээ хол суралцаж байгаа хүүхдүүд дотуур байр, хамаатныдаа байдаг нь хүчирхийлэлд өртсөн ч хэн нэгэнд илэрхийлж чадахгүй байх эрсдэлтэй.
Статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 35 мянган сурагч дотуур байранд амьдарч байна. Тэдгээрээс Өвөрхангай аймагт 1863 сурагч харъяа сургуулийнхаа дотуур байранд амьдардаг аж.
Хэрэг болсон сумын тухайд хүн ам багатай, мөн багш сурагчдын харьцаа ч тэнцүү учир багш нар сурагчидтайгаа тулж ажиллах бүрэн боломжтой байна. Гэтэл эсрэгээрээ сурагчаа дорд үзэх хандлага гаргаж, сэтгэлзүйг нь улам доош түлхсэн бол энэ ч мөн гэмт хэрэг. Сурган хүмүүжүүлэгч хүний гол арга барил бол хүнийг ойлгож, залуурдаж, чиглүүлэх. Харамсалтай нь, эсрэгээрээ ялгаварлан гадуурхаж, дорд үзнэ гэдэг утгагүй. Тэр ч бүү хэл боловсролын орчин нөхцөлд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг үл хайхарч, өөгшүүлдэг хандлага, соёлыг эрс өөрчлөх цаг болсон. Багш хүн хаяагаа хадарч, хариуцлагаас зугтааж, хүүхдүүдэд харилцан ялгаатай хандах нь ёс зүйн том алдаа.
Олон нийтэд ил харагдаж байгаа хэрэг энэ болохоос сургуулийн орчинд үйлдэгдэх хүчирхийллийг өөгшүүлдэг багш нар олон бий. Тэдэнд ч мөн хариуцлага тооцох нь зөв биз ээ. Багш нарын тухайд байнга л цалингаа голж, ажилдаа бухимддаг. Тэр уураа сурагчдадаа гаргах нь энүүхэнд. Үнэндээ тэднийг багш бол гэж хэн ч албадаагүй. Гэтэл бид түмний хүүхдэд хичээл зааж байна гэж ялархдаг. Тэр хандлага нь хүчирхийллийг төрүүлдэг, өдөөдөг, ялгаварлан гадуурхалтыг бий болгодог. Тиймээс багш нар ч харилцаа, хандлагадаа дүгнэлт хийх цаг болсон байна.
Эх сурвалж: