Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд уг хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төр данхайх тал руугаа явлаа. Хувийн, даатгалын компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр орж ирээд ажиллана гэж ярьж байна. Энэ хандлага буруу шүү.
Хувийн даатгалын компаниудаар явах ёстой. Ажил дутуу хийж байж магадгүй. Тэгвэл түүнийг заавал төр хийх албагүй. Хувийн компаниуд хийг л дээ. Илүү сайн ажиллаж байж даатгалын компаниуд томрох байх. 5000-аад хүн энэ салбарт ажилладаг болчихож. Албан журмын даатгалын тухай хуульд дутуу зүйл байгаа байх. Даахгүй нохой булуу хураана гэдэг замаар явах гээд байна.
Дутуу хийгээд байгаа зүйлийг нь гүйцэд хийлгэх байдлаар хуулиндаа өөрчлөлт оруулж болно шүү дээ. Хувийн хэвшлүүдээ намнах биш алдаад байгаа зүйлүүдээ хэлэх чиглэл рүү явах ёстой. Амаргүй цаг үед ажиллаж буй даатгалын салбарынхан хүрээгээ сайн тэлээсэй, эдийн засагт томхон байр суурь эзлээсэй, байр сууриа бэхжүүлээсэй гэдэг бодолтой байна. Хүчиндэх биш тойрч суугаад ярилцах ёстой. Цаашдаа эдийн засгийн зөв харилцаа тогтоосой гэж бодож байна. Нээлттэй сайн ярилцаж байгаад шийдвэрээ гаргаад яваасай.
Төсөл санаачлагч гишүүн А.Аюурсайхан хэлэхдээ “Даатгал ашигтай учраас төр орно гэж байгаа юм биш. Даатгалын компаниуд ашиггүй, зардал өндөр гэж яриад байгаа мөртлөө маш их мөнгө хэвлэл мэдээлэлд зарцуулж, үүнийг төлөө тэмцээд байгаа юм бэ. Даатгалын салбарт төр дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх боломжтой. Тэр нь эдийн засгийн зөв харилцаа. 1.2 сая жолооч даатгалд хамрагддаг. Яагаад заавал тэдний карманаас мөнгө аргаж, албадлагын аргаар хувийн компанид өгөх ёстой юм бэ.