Засгийн газар 2022 оны төсвийн төсөлтэй хамт Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ.
Цар тахалтай холбогдуулан хилийн боомтуудад Ковидын хуулийн дагуу бүрэн эрхэт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа. Тус хуулийн үйлчлэл энэ оноор дуусгавар болно. Тиймээс Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх оноос Боомтын захиргааг албан ёсоор байгуулан ажиллахаар төлөвлөжээ. Боомтын захиргаа нь хилийн боомт дээр ажиллаж буй төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, боомтын хөгжил, төлөвлөлт, орон сууцжуулах асуудлыг хариуцах юм байна. Мөн хөрш оронтойгоо нэг сувгаар харилцахад Боомтын захиргаа нь чухал нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.