“No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулагч Э.Одбаяр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа 20 гаруй хоногийн турш өлсгөлөн зарласан. Шүүхээс түүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөн, зорчих эрхийн хязгаарлалттайгаар сулласан. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хамтран тэмцэгч Д.Монголхүүд маш их санаа зовж байгаа талаараа,
“Д.Монголхүүд маш их санаа зовж байна Д.Монголхүү өнгөрсөн долоо хоногоос өлсгөлөн зарласан. Маш хүйтэн нөхцөлд их даарч байгаа. Өлсөхөөсөө илүү даарч, ханиад авах хүнд нөхцөлд байгаа. Тасалгааны температур зэрэг өлсгөлөн зарлах боломжоор нь хангах талаар хорих ангийн удирдлагууд анхаараасай гэж хүсмээр байна.
Цагдаа нар удаа дараа Д.Монголхүүгийн эрүүл мэндэд халдаж, өмнө нь авсан бэртэл гэмтлийг сэдрээсэн. Түүнээс биш Д.Монголхүү бусдын биед халдсан явдал байхгүй, харин ч эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирчихсон байгаа хүн. Д.Монголхүү даарч хөрөхөөс гадна гэнэтийн өвдөлтүүд өгч байсныг би тэнд байхдаа харсан. Эрүүл мэндийн хувьд асуудалтай, дээрээс нь эгэмийг нь гэмтээсэн, сэтгэл зүй ямар байгаа нь ойлгомжтой.
Тэрээр өөрөө бол “No double standart” гээд иргэдийн хөдөлгөөн, хөндөж байгаа асуудлынхаа байр суурин дээр ямар ч эргэлзээгүйгээр хатуу байгаа. Д.Монголхүү бид хоёрт ялангуяа зохиомол хэргийг үүсгэж байгаа нөхдийн зүгээс хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх санал, тулгалтууд удаа дараа ирсэн. Ирсээр ч байгаа. Энэ нь гэм бурууг хүлээн зөвшөөрөөд торгуулаад салах гэнэ. Үүн дээр бид хоёр хатуу байр суурийг илэрхийлсээр ирсэн. Ингэж шийдүүлэхгүй, бүх зүйлийг ном журмаар нь шийдүүлнэ гэж. Энэ асуудалд нэр холбогдсон долоо, найман залуус бий. Ямар ч гэм буруутай зүйл хийгээгүй байж яагаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг санал болгож, юу руу биднийг түлхээд байгаа юм.
Нийгэмд биднийг юу гэж ойлгуулах гээд байна вэ. Ерөөс хэлмэгдүүлэлт ийм технологиор явдаг юм байна. Орчин үеийн аргачлал нь ийм нарийн болчихсон юм байна.