УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай уулзжээ.
Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун “БНСУ-д албан ёсоор ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд насны ангиллаар үе шаттай вакцинд хамрагдаж байгаа. Харин албан бус иргэдийн хувьд хэдийгээр вакцинд хамрагдах гээд ирэхэд нь цагаачлалын албаны ямар нэг шалгалт үзлэг хийхгүй гэдгийг хэлсээр байгаа ч иргэд болгоомжлоод ирж хийлгэхгүй байгаа. Ямар ч байсан БНСУ-д ажиллаж амьдарч буй хэн ч вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Давхар хяналт шалгалт байхгүй.
Ковидын дэглэмээс шалтгаалан тусгай үүргийн нислэгийн зорчигчдод бид тусгай шаардлага тавихаас өөр арга байхгүй байгаа. Нэг онгоцноос гурваас дээш хүнээс халдвар илэрсэн тохиолдолд тус улсын нислэгийг долоо хоног цуцалдаг. Уг нь хуваарьт нислэгээ сэргээчихвэл манай зүгээс татгалзах ямар ч асуудал байхгүй. Хуваарьт нислэгтэй орнуудад бол нислэг цуцлахгүй 60 хувийн дүүргэлттэй явах л шаардлага тавьж байгаа. Дэлхийн олон оронтой бид хуваарьт нислэгийг сэргээсэн. Харин танай орны зүгээс хуваарьт нислэгээ эхлэхгүй, зөвхөн тусгай үүргийн нислэг хийгээд байгаа. Тусгай үүргийн нислэг дээр бид бусад оронд тавьдаг тооны хязгаарлалтаа тавихаас өөр аргагүй байна. Дамжин өнгөрөх зорчигчдыг хүлээн авч байгаа. Мөн Солонгосоос Монгол явах нислэгийг зөвшөөрсөн.
Ковидоос шалтгаалан аялалын богино хугацаатай визийг олгож чадахгүй байна. Тэгэхдээ эмчилгээ болон сургалтын виз өгч байгаа. Ковид намжихаар аялалын виз хэвийн журмаар олгогдож эхэлнэ.
Элчин сайд болсноосоо хойш ач холбогдол өгөн судалж байгаа ажлуудын маань нэг бол манай хоёр улсын хооронд визгүй зорчдог болох асуудал. Харамсалтай нь, Монгол Улсын 40 гаруй мянган иргэн Солонгост оршин суудаг. Үүнийг 42 хувь нь хууль бус байна. Энэ үзүүлэлт нь визгүй болгох асуудлыг хойш татаж байгаа. Ойрын хугацаанд визгүй зорчдог болгочихвол энэ тоо улам өсөх эрсдэлтэй. 2019 онд ковид эхлээгүй байхад 100 гаруй мянган хүн БНСУ-аас Монгол оронд зорчин ирж байсан. Эхний ээлжинд Монголд ирж байгаа солонгосчуудыг визгүй болгочихвол энэ тоо нэмэгдэж, Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх байх. Ингэвэл манай Засгийн газар Монголд “өртэй” мэт болж эргээд монголчуудыг визгүй зорчдог болгох асуудлыг түргэвчлэхэд дөхөмтэй болох болно” гэжээ.