Есдүгээр сард Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан “Digital Nation -2021” арга хэмжээнд олон мянган залуучууд үзэгчээр очсон нь цар тахлын хүнд нөхцлийг даван туулж байгаа нийгэм, эдийн засагт нэрмээс болж, коронавирусын халдвар өсөн нэмэгдэх шалтгаан боллоо гэсэн шүүмжлэл дагалдаж байсан юм.
Одоо ч олныг хамарсан арга хэмжээний жишээ болон хэлэгдэж байгаа энэ асуудлаар өчигдөр (2021.11.01) Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ дараах тайлбарыг өгчээ.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Цахим үндэстэн арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. Өмнөх жилүүдэд оролцсон хүмүүсийн судалгаагаар маш бага хүн ирдэг байсан. Энэ жил халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллалаа.
Арга хэмжээнд орсон хүн бүрийн вакцинд хамрагдсан бичиг баримтыг шалгаж, халууныг үзсэн. Нээлтэд бидний тооцоолсноос их хүн оролцлоо. Бидний зорилго хувийн хэвшлийн хийж чадаж байгаа технологийн амжилтыг залууст түлхүү үзүүлэх зорилготой байсан.
Бичлэгээс харсан бол хүн бүр дэглэмээ сахиж масктай байгаа. Мөн гадна талбайд явуулсан учраас харьцангуй эрсдэл бага гэж үзсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж надад сануулга өгсөн. Олон хүн ирэх магадлалыг тооцоогүй бидний буруу” гэдгийг хэлсэн.
Түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэлд тайлбар өгөхдөө “Намайг одоогоор Авлигатай тэмцэх газраас шалгаагүй байна. Цахим үндэстэнтэй холбоотой мөнгө цуглуулаагүй. Компаниуд 100 хувь арга хэмжээг ивээн тэтгэж оролцсон. Ингэхдээ гүйцэтгэгч компаниуд хоорондоо гэрээ хийсэн. Дроныг нь “ARD” групп хариуцаж авах жишээний, компаниуд нэг нэгээрээ хоорондоо гэрээ хийж явуулсан” гэсэн байна.