Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал гэх 436 объект барьж байгаа 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн жилийн төсөвт тооцсон дүнгээс бараа материалын үнэ хэд дахин өссөн учраас барилгын компаниуд алдагдалд орж, төслөө үргэлжлүүлэхэд хүндрэл үүссэн байна. Тиймээс өмнөх оны төсөвт суулгасан дүн дээр үнийн өсөлтийн зөрүүг бодож 2022 оны төсөв хэлэлцэх үеэр зардлыг суулгаж өгөхийг Барилга хот байгуулалтын сайд болон Сангийн сайдаас хүссэн ч хариу өгөхгүй байгаа учир ийн мэдээлэл хийж буй аж.
Тэд өнөөдрийн байдлаар 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 100 гаруй компанийн 5000 орчим ажилчин, тэдний ар гэр болох 25 мянга гаруй хүн санхүүгийн хүнд байдалд ороод байгаа гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол 400 гаруй барилгын үйл ажиллагаа зогсож, ирэх жилийн улсын тендерт орох компани олдохгүй болно. Сангийн сайдад хүсэлт тавьсан ч үнийн өсөлтийг түр зуурынх гэж тайлбарласан. Гэвч 5-6 сар үргэлжлээд нийгэмд хор уршиг нь гарчихаад байна гэлээ.
Тэдний тавьсан шаардлагын хариуг өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.