Өнөөдрөөс (2021.11.01) аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны ээлжит тооллого улс орон даяар эхэлж байна.
нэ удаагийн тооллогод 2021 оны арван нэгдүгээр сарын 1-ээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах талаар Үндэсний статистикийн газраас мэдээлж байгаа. Тооллого ирэх оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Аж ахуйн нэгжийн тооллого эхэлж байгаатай холбоотойгоор өнөөдөр Үндэсний статистикийн газар болон МҮХАҮТ хамтран хэвлэлийн мэдээлэл өглөө.
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: toollogo.1212.mn сайтад аж ахуй нэгжүүд болон хувиараа бизнес эрхлэгчид “etax” буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой. Энэ удаагийн тооллогыг төрийн байгууллагын мэдээллийн санг уялдуулж авч байгаа. Асуулга нийт есөн бүлэг 380 гаруй асуулттай. Байгууллагууд ямар инноваци хэрэгжүүлж, цаашид ямар зорилготой ажиллах төлөвтэй байгаа болон үйл ажиллагаа явуулахад төрөөс үзүүлж буй хүндрэл зэргийг асуулгад оруулж өгснөөр онцлог.
Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ба төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж, төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг нь ашиглана. Мөн сайтад онлайн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна шаардлагатай мэдээллээ 75331212 утсаар авах боломжтой юм. Энэ удаагийн тооллого нь зөвхөн ААН-ийн тоог гаргах бус Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа хэмээн мэдэгдсэн бол,
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Аж ахуй нэгжүүд тооллогод идэвхтэй хамрагдсанаар дата сан өргөн хүрээнд гарч үйл ажиллагаа явуулж байгаа болон дампуурсан байгууллагуудын нийт тоог гаргах боломжтой. Ингэснээр нэг талдаа байгууллагад, нөгөө талдаа төр болон статистик мэдээг ашиглаж буй хэн бүхэнд ашигтай гэсэн үг. Хэрэв бид мэдээллийг цуглуулж чадвал Covid-19-ийн үед эдийн засгийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болох болно. Тиймээс өмнө нь цаасаар авдаг байдлыг халж цахим шинэчлэлт хийсэн. Байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид тооллогодоо цахимаар хамрагдаж, богино хугацаанд бүртгүүлэх боломжтой давуу талтай учир идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Аж ахуй нэгжүүд ажлын байраа хадгалж үлдсэн эсэх, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү гэх мэтэд бодитой тоон мэдээллийг гаргачих учир мөн л бодитой шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Х тайлан өгөх болсон компаниудын тоо яагаад нэмэгдсэн гэдгийг тогтоох нь чухал. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 орчим мянган аж ахуй нэгж Х тайлан өгдөг байсан тоо 90 мянга болж нэмэгдсэн. Тэгэхлээр ажлын байраа хадгалж үлдсэн үү, үгүй юу гэдгийг энэ тооллого харуулах боломжтой. Одоогийн байдлаар зургаан аж ахуй нэгж тооллогод хамрагдаад байна.
Монгол Улсад 200 гаруй аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг нь 50 хувь нь байдаг. Тооллогын үр дүнгээр татварын ерөнхий газартай хамтран ажиллаж татан буулгах шаардлагатайг нь цуцална хэмээн мэдэгдлээ.