Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал боллоо.
Хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар байв. Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ (Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага)-ын зөвлөмжийн хэрэгжилтийн нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Монгол Улс өнгөрсөн оны аравдугаар сард ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын буюу “Саарал” жагсаалтаас, 2020 оны арванхоёрдугаар сард Европын холбооны мөнгө угаах өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтаас тус тус хасагдсан нааштай ололтыг МБХЗ талархан хүлээж авлаа.
Ирэх жилүүдэд СМА өөрсдийн ололтоо улам бататгаж, ФАТФ-ын 40 зөвлөмж болон шууд хэрэгжилтийн 11 шалгуурын шаардлагыг хангах, дагаж мөрдөх, 2023 онд хийгдэх ФАТФ-ийн үнэлгээнд бэлдэж ажиллахын чухлыг тэмдэглэв.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийн хүрээнд, Монголбанкны дэргэд байгуулагдсан Санхүүгийн мэдээллийн алба нь үндэсний хэмжээний бүрэн эрх, статустай орон тооны байгууллагын хувьд төр, захиргааны бусад байгууллагууд, хувийн хэвшлийн санхүүгийн болон бус үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах, тэднээс дэмжлэг туслалцаа авахын зэрэгцээ мэргэжлийн удирдлагаар хангаж, зохицуулах чиглэлээр өргөн цар хүрээнд ажиллах нь өнөөгийн шаардлага мөн болно гэж МБХЗ үзэж байна.
Өөрийн орондоо төрийн бус, ашгийн бус байгууллагын хяналт зохицуулалтын эрх зүйг яаралтай бүрдүүлж, хуулийн хүрээнд СМА-г ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Монголбанк, Засгийн газраас дэмжлэг авч ажиллахыг МБХЗ-ийн гишүүд санал болгов гэж хяналтын зөвлөлийн мэдээлэлд дурджээ.