Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойд зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтран “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нар оролцов.
Энэхүү үзэсгэлэнд Хүннү гүрэн, Уйгурын хаант Улс, Хятад Улс болон Монголын эзэнт гүрний үед холбогдох 25 дурсгалт газрын агаарын зургийг танилцуулгын хамт хүргэж байна. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун этгээдэд Цагаан арал хэмээх газар орших Гуа дов дурсгал, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Хүрээт довын дурсгал болон бусад дурсгалт газрын зургийг тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны гуравдугаар булшны археологийн малтлага, судалгааны үр дүнд илэрч, олдсон нимгэн төмрөөр ханан хээ гарган, цэцгэн чимгээр чимэглэсэн модон авсны хана, ёслолын шүхэрт тэрэгний хүрэл чимэглэл, хатирч буй морины дүрс бүхий хувцасны хүрэл чимэг, барилгын дээврийн нурууны домгийн амьтны дүрст шавар эдлэл зэрэг 30 гаруй биет олдвор, хэрэглэгдэхүүнийг дэлгэжээ.
Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал “Унгарын эрдэмтэд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн хамтарч олон жил судалгаа хийсэн. Энэ судалгаанаас хот сууринуудын дээрээс авсан анхны гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна” хэмээн онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС