Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Өнөөдөр энэхүү төслийн үр дүнг танилцуулах, хаалтын арга хэмжээ УБЕГ-ын хурлын танхимд боллоо.
Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд сум хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь уг төслийн чухал томоохон ажил болсон юм.
“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд 260 сум, 30 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосноор улсын хэмжээнд бүх сум, хороод онлайн сүлжээнд холбогдож, иргэн, хуулийн этгээд аймаг, дүүрэг явалгүйгээр сум, хороодоос иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, зардал багатай авах боломж, нөхцөл бүрдээд байна.
Үүнээс гадна төслийн хүрээнд улсын бүртгэлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажилласан юм. Үүнд:
- Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн системийг шинэчиллээ.
- Төрөлт, нас баралтын системийг хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулав. Төрөлтийн бүртгэлийг төрөх эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
- Иргэний улсын бүртгэлийн цаасан эх нотлох баримт хадгалах архивыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэн тохижуулав.
- Улсын бүртгэлийн хүний нөөцийн эх нотлох баримтыг цахимжуулж, улсын бүртгэлийн салбарын ажилтнуудад зориулсан хүний нөөц, цахим сургалтын нэгдсэн системийг олон улсын сайн туршлагад тулгуурлан хөгжүүлж, нийт ажилтнууд орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр өөрийн хүний нөөцийн бүрдүүлэлтийн бичиг баримт, материалтай танилцах, татаж авах, 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг, 171 хороонд ажиллаж буй улсын бүртгэгч нар орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр цахим сургалтад хамрагдах, бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгов.
- Улсын бүртгэлийн төв, орон нутгийн ажилтнуудын чадавхыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлж, нийт 40 гаруй удаагийн танхимын болон бүсийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 6000 гаруй хүнийг хамруулав. Нийт 2 удаагийн танилцах айлчлалыг БНСУ болон Япон Улсад амжилттай зохион байгуулж, БНСУ-тай цаашид улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавив.
- Улсын бүртгэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй нийцүүлэх боловсруулах журам, эрх зүйн актыг боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, эрх зүйн гарын авлага, иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарт зориулсан гарын авлага-ширээний ном, 129 төрлийн цахим хичээл, 10 төрлийн видео хичээл тус тус боловсруулав.
- Гадаадын иргэн, хууль этгээдэд улсын бүртгэлийн багц хуулийг хүргэх зорилгоор улсын бүртгэлийн багц хуулийн чанарын өндөр түвшинд орчуулж, олон нийтэд хүртээл болгосон.
- Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд сурталчлах зорилго бүхий вэб сайтыг сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст ээлтэйгээр шинэчлэн хөгжүүлэв.
Өнөөдрийн үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Төслийн удирдах хорооны дарга Д.Дэлгэрсайхан, Төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн болон УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, холбогдох албаны хүмүүс, ажилтан албан хаагчид оролцлоо хэмээн УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсээс мэдээллээ.