Өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүй долоон худагт 512 бөхийн барилдаан болсон. Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” хүчит бөхийн барилдаанд зодоглосон 4 бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж өчигдөр Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав мэдэгдлээ.
512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгсөн. Манай холбоо шинжилгээний хариуг хүлээж авмагцаа бөхчүүдэд мэдээлсэн. 10 хоногт багтан Б сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа бидэнд мэдэгдэх ёстой. Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн. Шинжилгээний дүнг эсэргүүцэж байгаа бол Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
БНСУ руу А, Б хоёр сорьцыг хамт илгээсэн, бөхчүүдийн хүсэлтийг харгалзан Б сорьцод шинжилгээ хийж, дахин допинг илэрвэл нэрсийг нь зарлана.