Кино үзэж байх үед бидний хараа болон сонсголын эрхтнүүд зэрэг ажиллаж байдаг ба жүжигчний уруулын хөдөлгөөн болон хэлж байгаа зүйл хоёр таарч байгаа эсэхийг тархи ухамсаргүйгээр хянаж байдаг. Гэвч тархи заримдаа хуурагддаг буюу МакГуркийн нөлөөлөл үүсэх нь бий.
МакГуркийн нөлөөлөл
Ярилцаж байгаа хүний уруул эсвэл амны хөдөлгөөн нь бидний сонсож байгаа дуу авиатай нийцэхгүй байгаа үед МакГуркийн нөлөөлөл бий болдог ба энэ талаарх ойлголтыг анх 1976 онд Харри МакГурк болон Жон МакДоналдс нар гаргажээ.
Бидний харж байгаа уруулын хөдөлгөөн болон сонсож байгаа дуу авиа хоёр хоорондоо нийцэхгүй байх нь гаднаас ирж буй мэдээллийг яг тэр хэвээр нь хүртэн хүлээн авахад хүндрэлтэй болгодог буюу хэн нэгний танд хэлсэн мэдээлэл болон бидний ойлгон хүлээн авч буй мэдээлэл хоёр бүхэлдээ ялгаатай болдог байна.
Техас-ийн Хоустиний их сургуулийн /Baylor College/ мэдрэл судлаачид буюу нейросайнтист нар МакГуркийн нөлөөлөл хэрхэн яаж бий болж байгаа талаарх дараах туршилтыг хийжээ. /Туршилтад оролцогчдод яг ижил ганцхан бичлэгийг үзүүлэх болон сонсгох хэлбэрээр явагдсан/
Туршилт
Туршилтын 1-р үе: Туршилтад оролцогчид нүдээ анин дүрс бүхий бичлэгээс гарч буй дуу авиаг сонсдог. Ингэхэд оролцогчид тухайн бичлэгээс “ба ба ба” гэсэн авиа сонссон гэжээ.
Туршилтын 2-р үе: Оролцогчдод тухайн дүрс бүхий бичлэгийн дууг сонсохгүйгээр уруулын хөдөлгөөнийг ажиглаж ямар авиа гарч байгааг таамаглах даалгавар өгөгджээ. Ингэхэд оролцогчид “га га га” гэсэн авиа хэлж байна гэжээ.
Туршилтын 3-р үе: Туршилтын сүүлийн үед өмнөх хоёр үе шатанд үзүүлсэн бичлэгээ дахин тоглуулсан ба ингэхдээ тухайн бичлэгийг харж, сонсох боломжтойгоор үзүүлжээ. Ингэхэд МакГуркийн нөлөөлөлд өртөмтгий хүмүүс “да да да” гэх авиа сонссон гэв.
Дээрх туршилтын үр дүнгээс харахад, дан харааны хүртэхүйгээр буюу уруулын хөдөлгөөнөөр мэдээлэл хүлээн авсан байдал болон дан сонсголын хүртэхүйгээр буюу сонсож хүлээн авсан байдлууд нь ялгаатай байна. Тиймээс харилцаанд орохдоо харилцагчаа сонсохоос гадна уруулын хөдөлгөөнийг нь харах нь чухал.
Гэвч Ковид-19 вирустэй тэй холбоотой нөхцөл байдлаас шалтгаалан маск зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах шаардлага тулгарч байгаа ба ийнхүү маск зүүж бусадтай харилцахдаа уруулын хөдөлгөөнийг харахгүй байх нь МакГуркийн нөлөөллийг бий болгож ойлголтын зөрүү үүсгэх боломжтой.
Мөн хүмүүс харилцаж байгаа хүнийхээ юу бодож, юу мэдэрч байгааг мэдэхэд хүндрэлтэй болгож байна. Хэдий тийм боловч нөхцөл байдалтай уялдуулан масктай харилцаанд дасан зохицож харилцаагаа сайжруулах тал дээр төвлөрөх нь зүйтэй.
Тиймээс ТА БИЕИЙН ХЭЛЭМЖЭЭ ашиглаарай
Бидний нүүрний хувирал, уруулын хөдөлгөөн нь маскны цаанаас харагдах боломжгүй ч биеийн хөдөлгөөн бусдад харагдах боломжтой. Таны нүд, хөмсөг, гарын хөдөлгөөн, биеийн байрлал гэх мэт биеийн хэлэмж нь таныг бусадтай харилцахад тусална.
· Хөмсөг: Хүмүүс гайхсан үедээ хөмсгөө өргөж, уурласан үедээ хөмсгөө зангидан “V” хэлбэртэй болгодог.
· Гар: Гарын хөдөлгөөн нь биднийг юу илэрхийлэх гээд байгааг үзүүлдэг. Жишээлбэл, гарын хурдан хөдөлгөөн нь гайхаж баярласан байдлыг илтгэнэ.
· Биеийн байрлал: Таны зогсож буй биеийн байрлал маш олон зүйл илэрхийлдэг. Тухайлбал, нуруугаа бөгтийлгөсөн байвал сэтгэлээр унасан байгааг, харин цэх зогсож байгаа байдал нь хүчирхэг, өөдрөг байгааг илэрхийлнэ.
Тиймээс маск зүүж бусадтай харилцах үедээ биеийн хэлэмжээ ашиглаарай. Мөн цахим орчинд бие биетэйгээ холбогдох боломжтой учир дүрсээр холбогдон яриарай.
Эх сурвалж :