Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27) хуралдаан 12 цаг 20 минутад 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдэврлэлээ.
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хороо 2021 оны 10 дугаар 19-ний өдрийн хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэхээр тогтсон юм.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй ба хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа
Үргэлжлүүлэн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тусгасан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар Ж.Сүхбаатар гишүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Хүний эрхийн дэд хороонд орж ажиллах зорилго, чиг үүргийн талаар асуулт асууж, хариулт авсан.
Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжилд чиглүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилтуудыг тавьсан болохын танилцуулгадаа дурдав.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, улсын онц чухал объектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэм журмыг сахиулах, хил хамгааллын чадавхыг бэхжүүлэх, согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд цахим гав нэвтрүүлэх замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, цахим виз олгох, экологийн шинжээч ажиллуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдлийн байгаль орчинд учирсан хохирлыг шинжлэн тогтоох зэрэг нийгмийн харилцааг зохицуулах чиглэлээр холбогдох төсвийг тооцож тусгалаа.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг байгуулах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байдлаар төсвийг санхүүжүүлэхээр тооцлоо.
Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлж байна.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав. Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг дараах байдлаар танилцуулсан байна.
Аудитын дүгнэлтийн 6.3-д, Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.
Тухайлбал, ТЕЗ-дын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдаагүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.
Аудитын дүгнэлтийн 6.6-д, Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.
Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд МУЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.
Аудитын дүгнэлтийн 6.7-д, Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдаж байна.
Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийт хяналт тавих боломж олгох асуудал тодорхойгүй байна.
Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчныг бий болгон сайжруулах шаардлагатай.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсан.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж Х.Нямбаатар нарын бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй санал түс бүрээр санал хураалт явуулав. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.“, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… шударга шүүхээр шүүлгэх, … эрхтэй. …“, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.“ гэж тус тус заасныг зөрчсөн байна гэсэн ДҮГНЭЛТ гарсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоолоо
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоох тухай асуудал хэлэлцлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцуулав.
Танилцуулга болон тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар Байнгын хорооны даргаас нэр дэвшигчид болон сонгон шалгаруулалтын талаар асуулт асууж, хариулт авсан.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах, мөн томилгооны сонсголд оролцох ажиглагчийн тоог 15 хүртэл байх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдлаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд нэмэлт оруулах тухай санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн.
Хэлэлцэх асуудалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх тухай байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “288.5 дахь хэсэг” гэснийг хасч, 288.5 дахь хэсгийн “тасралтгүй” гэсний дараа “тав болон түүнээс дээш жил” гэж, “алба хаагчид” гэсний дараа “таван жил тутамд” гэж тус тус нэмэх, “урамшлыг 5 жил тутам” гэснийг “урамшууллыг” гэж, “мөнгөн урамшил олгох” гэснийг “урамшуулал олгох” гэж, мөн, төслийн 2 дугаар зүйлийн “2022 оны” гэснийг “2023 оны” гэж тус тус өөрчлөх тухай санал гаргасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал гаргах гишүүн байгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулахыг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.