Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гаргасан шийдвэрүүд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх ээлжит судалгаагаа ҮСХ танилцуулав.
Энэ удаагийн судалгаагаар 2021 оны 6-8 дугаар саруудын ААН-үүдийн үйл ажиллагааны нөхцөл байдлын талаарх мэдээллийг цуглуулсан бөгөөд нийт 2,394 байгууллагыг хамруулжээ.
Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 63 мянга буюу 53.8 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй бол 46.2 хувь нь бусад шалтгаантай байжээ.
Үйл ажиллагаа эхлээгүй хуулийн этгээдийн эзлэх хувь тавдугаар сараас 1.3 нэгж хувиар өссөн байна.
Харин үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдийн тухайд ажиллахад улам хүндрэлтэй болсон талаар хариулжээ.
Судалгаанд хамрагдсан 2,394 байгууллагын 34% нь үйл ажиллагаа хэвийн бус гэж хариулсан ба үйл ажиллагааны чиглэлийг доорх зургаас харна уу.
Зураг 1. Үйл ажиллагаа нь хэвийн бус, дүнд эзлэх хувиар, салбараар, 2021 оны наймдугаар сар
Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор 70.5%-д нь үйл ажиллагааны хүндрэл учирчээ. Энэ нь тавдугаар сартай харьцуулахад 3.2 нэгж хувиар өссөн байгаа тул үйл ажиллагаа явуулахад хүндрэл нэмэгдэж байгааг илтгэж байна.
Зураг 2. Үйл ажиллагаа явуулахад хамгийн их учирч байгаа хүндрэлийг өмнөх хугацаатай нь харьцуулбал
Тэдэнд тулгарч байгаа гол хүндрэл нь 73% нь санхүүгийн байдал хүндэрсэн бол 57% нь үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан гэж хариулжээ. Ийнхүү хариулсан байдал тавдугаар сарын үзүүлэлтээс мөн л өссөнийг ҮСХ дурдсан байна.
Зураг 3. ААН-ийн үйл ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл, бэрхшээл, шалтгаанаар, дүнд эзлэх хувиар
Энэ оны 6-8 дугаар сард үйл ажиллагаа нь хүндэрч “Орлого буурсан” ААН-үүдийг бүлэглэж авч үзвэл
- орлого нь 50-аас дээш хувиар буурсан ААН 66.2 хувь
- 41-50 хувиар буурсан ААН 9.6 хувь
- 31-40 хувиар буурсан ААН 8.5 хувь
- 21-30 хувиар буурсан ААН 8.3 хувь
- 11-20 хувиар буурсан ААН 4.0 хувь
- 10 хүртэл хувиар буурсан ААН 3.4 хувийг тус тус эзэлжээ.