Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө

Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2017.07.10) үйл ажиллагаагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж тус тус хэлэлцэж баталсан.

Дараа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор Төрийн ордны хуралдааны Их танхимд  үргэлжилсэн юм.

Төрийн ордны хуралдааны Их танхимын тайзны голд бүрэн эрх нь дуусгавар болсон болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, мөн Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүдэд зориулан тусгайлсан суудал засаж, Монгол Улсын Төрийн далбаа, Үндсэн хуулийн уг эхийг хүндэтгэн залсан байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад улсаас манай улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, ОХУ, Япон, Сингапур Улсын тусгай элч нар болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл Их танхимд суудлаа эзэлсэн байлаа.

Өдрийн 12 цаг 25 минутад Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүд суудлаа эзэлсэн юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр ажлаа эхэлсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа гишүүдийн 71.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж буйг мэдэгдээд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга, бүрэн эрх нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг тусгайлан зассан суудалд урив.

Ингээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөлөө. Тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаад” тангарагийн бичигт гарын үсгээ зурж Улсын Их Хурлын даргад гардуулан Төрийн далбаанаас адис хүртэв.

Дараа нь бүрэн эрх нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Төрийн тамгыг гардуулж, баяр хүргэн амжилт хүслээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид Улсын Их Хурлын нэрийн өмнөөс баяр хүргээд “Та тангараг өргөсөн энэ мөчөөс эхлэн Үндсэн хууль болон бусад хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, ажил албандаа орж байна. Хуулиа дээдэлж, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн Улсын Их Хурал, Засгийн газартай үйл ажиллагаагаа нягт уялдуулан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гээд ажлын амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажилласан Ц.Элбэгдоржийн цаашдын ажил, амьдралд сайн сайхныг ерөөв.

Дараа нь уг ёслолын ажиллагаанд уригдаж оролцож буй иргэд сонгогчдын төлөөлөл үг хэлж шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэж амжилт хүссэн бол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж хүүдээ баяр хүргэж цагаан идээний дээжээ мөнгөн аяганд  дээжлэн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь иргэд сонгогчдоос маань хүлээлгэж буй өндөр хариуцлага юм. Өвөг дээдсээс өвлөж ирсэн төрт ёсыг дээдлэн ард түмнийхээ төлөө чин шударгаар ажиллах болно гээд итгэл хүлээлгэсэн иргэд сонгогчиддоо талархал илэрхийллээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн нэр дэвшигчиддээ амжилт хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан Ц.Элбэгдоржид  талархал илэрхийлсэн юм.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ард иргэдийнхээ итгэлийг шаргуу зүтгэлээр хариулахаа дахин илэрхийлээд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллахын зэрэгцээ зөв бодлогыг нь дэмжиж, дутуу дулимаг хууль, тогтоомж баталбал шүүмжилж засуулахын төлөө ажиллана. Мөн иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг хийдэг Ерөнхийлөгч байх болно.

Хууль ёсыг уландаа гишгэхийг, бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Эв нэгдлийг эрхэмлэсэн, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн,  экологийн тэнцвэрийг хадгалж, газар нутгаа хамгаалсан, экспортын шинэ эринийг эхлүүлсэн Ерөнхийлөгч байх болно.

Энэ цагаас эхлэн ус орноо бүтээгч, үйлдвэрлэгч орон байлгахын төлөө ажилдаа шуурхайлан орно гэдгээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлээд Монголын нийт ард түмэндээ Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болон Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн