УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гээд ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийн гэрчилгээ эзэмшсэний үндсэн дээр цахим гарын үсэг ашиглах бөгөөд энэ харилцаа нь нийтийн түлхүүрийн дэд бүтцээр дамжин хэрэгжих тул “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц” гэсэн нэр томьёонд цахим гарын үсгийн нууцлал, аюулгүй байдлыг хангах асуудлыг нэмж тусгахаар, мэдээллийн системд нэвтрэх үед тухайн хүн мөн эсэхийг таньж баталгаажуулах аж.
УИХ-ын гишүүд цахим гарын үсгийг одоо хэчнээн хүн хэрэглэж байгаа, цахим гарын үсгийг хаанаас олгодог талаар тодруулж байлаа.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 38,000 цахим гарын үсэг хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн 8,000 нь нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үлдсэн 30,000 нь татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан өгдөг аж ахуйн нэгж, иргэд, худалдан авах ажиллагаа, тендерт оролцдог хүмүүс байгаа аж.
Цахим гарын үсэг хэрэглэдэг 38,000 иргэн байна гэдэг нь тун чамлалттай үзүүлэлт
Цахим гарын үсэг хэрэглэдэг 38,000 иргэн байна гэдэг нь тун чамлалттай үзүүлэлт хэмээн үзэж буй бөгөөд цаашид Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болгох бөгөөд цахим гарын үсгийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
УБЕГ-аас бүх иргэдэд цахим гарын үсгийг үнэгүй олгох бөгөөд иргэд төрийн болон банкны үйлчилгээг цахим гарын үсгээр авах боломж бүрдэх юм байна. Нэг иргэн хэдэн ч цахим гарын үсэгтэй байж болох аж. Иргэний хувиар биш албан тушаалтны хувиар хэрэглэхээр нэмэлт цахим гарын үсэг авах бол тодорхой үнэ төлөн тусгай зөвшөөрөлтэй компаниас авахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Эцэст нь Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.