Эрүүл мэндийн даатгалаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлж байгаа ч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын дөнгөж 7.9 хувь нь шинжилгээнд хамрагдсан нь хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэнийг харуулж байна
Өвчнийг эрт үед нь оношилж, илрүүлэх нь өвчилсөн хойноо бус даамжрахаас өмнө эмчилж, иргэн болон төрөөс их хэмжээний зардал гаргахаас сэргийлэх ач холбогдолтой. Тиймээс 2022 оноос иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг хамруулах ажлыг эрчимжүүлнэ гэж өчигдөр холбогдох яамныхан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдлээ.
Эрүүл мэндийн яам хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгт зориулж 2022 оны улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг тусгуулахаар оруулж иржээ. Энэ хөрөнгөөр нийт хүн амын 50 хувь, зорилтот бүлгийн 70-аас дээш хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна хэмээн тооцож байгаа юм байна.