Сүүлийн үед залилах гэмт хэргийн 50 хувь нь цахим орчинд үйлдэгддэг болсон гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Залилан мэхлэх гэмт хэрэг:
- 2017 онд 6.6 хувь
- 2018 онд 10.9 хувь
- 2019 онд 13.6 хувь
- 2020 онд 25.8 хувь
- 2021 оны эхний есөн сарын байдлаар 41.6 хувиар өсжээ.
Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн иргэдийн фэйсбүүк, и мэйл хаягаар нэвтэрч хүний нэр барин мөнгө залилах үйлдлээр үйлдэгджээ.
Ингэхдээ цахим шуудангийн луйвар буюу манай улсын гадаад худалдаа эрхэлдэг ААН-үүдэд харилцагч талаас ирсэн цахим шуудан, төлбөрийн дансыг өөрчилж, өөр данс руу төлбөр шилжүүлэх байдлаар луйвардаж байна.
Мөн “Романс луйвар” гэсэн нэр томьёо гарч ирж байгаа. Энэ нь цахим орчинд харилцаа тогтоосон хүнийхээ итгэлийг олж авах байдлаар залилж байгаа хэрэг юм.
Иргэд хувийн орон зайгаа цахим орчинд хэт дэлгэж, өөрийн сонирхдог зүйлээ нээлттэй нийтэлсэн байдлыг гэмт этгээдүүд ашиглан залилж байгааг анхаарах шаардлагатай.
Мөн олон нийтийн сүлжээгээр зээл олгох байдлаар иргэдийг залилах хэрэг ч гарч буй. Түүнчлэн иргэдийн и мэйл хаягт банкнаас холбогдож байна гэж банкуудын нэрийг барьсан мэйл бичиж, мэдээллийг нь авах байдлаар мөнгө залилж байна.
Түүнээс гадна цахимаар мөнгө гуйх аргаар залилангийн гэмт хэрэг үйлдэгдэж буйг иргэд онцгой анхаарах хэрэгтэй.
Үүнээс дурдвал, манай улсын иргэн гадаад улсын хүүгүй зээл олгодог байгууллага гэсэн сайт руу орж залилуулсан хэргийг шалгаж байна. Энэ мэт иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдлыг гэмт этгээдүүд ашигласаар байна.
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Илрүүлэлт – Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олсон.
Тухайн этгээд нь “Тавилга захиалгаар хийнэ” гэсэн хуурамч мэдээлэл гаргаж 54 иргэнээс нийт 25 сая төгрөг залилсан нь тогтоогдсон.
Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоолоо. Тухайн этгээд нь 12 иргэнээс хуурамч цахим хаягаар бараа зарна гэж 51 сая төгрөг залилсан байгаа юм” хэмээн ярилаа.
Гэмт этгээдүүд нь 37 удаагийн үйлдлээр иргэдэд нийт 61.3 сая төгрөгийн хохирол учруулсныг илрүүлсэн
Түүнчлэн “Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд гудамж талбайд байрлах хувийн болон төрийн өмчийн камер нэлээд ач холбогдолтой. Нийслэлийн хэмжээнд 2,905 цэгт камер ажиллаж байгаа.
Цагдаагийн байгууллагын хяналтад байдаг камеруудын 5,163 хувь буюу 1,695 нь огт ажиллагаагүй байна. Түүнчлэн 1,210 буюу 41.6 хувь нь ямар нэг байдлаар доголдолтой ажиллаж байна гэсэн судалгаа гарсан.
Гэмт хэргийн илрүүлэлтэд чухал нотлох баримт болдог камерууд ийм олноороо ажиллахгүй байгаа тул иргэд байгууллага, хувь хүмүүс өөрсдөө анхаарах шаардлагатай.
Мөн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага “Байна уу, байна” нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн.
Иргэд гар утсаа алдсан тохиолдлоо цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой гэх ойлгож байгаа нь энэ нөлөөллийн арга хэмжээ үр дүнд хүрч байгааг харуулж байна.
Энэ аяны хүрээнд мөн тээврийн хэрэгсэл ашиглан бусадтай үгсэн тохиролцох байдлаар бүлэглэн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь 37 удаагийн үйлдлээр иргэдэд нийт 61.3 сая төгрөгийн хохирол учруулсныг илрүүлсэн. Тухайн этгээдүүдэд мөрдөх шалгах ажиллагааг явуулж байна” гэсэн мэдээлэл өглөө.