Хятадын хойд нутагт долоо хоногийн хугацаанд 11 мужид нь COVID-19-ийн 100 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн засаг захиргаа нь хязгаарлалтын шинэ арга хэмжээ аваад байна.
“Аравдугаар сарын 17-ноос хойш Хятадад халдварын дэгдэлтийн хэд хэдэн голомт бүртгэгдэж, маш хурдан тархаж байна. Дэгдэлт цааш нь өсөх эрсдэлтэй” хэмээн БНХАУ-ын Үндэсний эрүүл ахуйн хорооны төлөөлөгч Ми Фэн ням гарагт мэдэгджээ.
Хэдийгээр Хятадын хүн амын 75% орчим нь буюу 1 тэрбум гаруй хүн COVID-19-ийн вакциндаа бүрэн хамрагдсан ч халдвар тархсаар байгаа гэнэ.
Эхний дэгдэлт аравдугаар сарын 16-нд Хятадын хойд хэсгээр аялж явсан Шанхайн өндөр настнуудаас илэрчээ. Тэд вакциндаа бүрэн хамрагдсан байсан аж. Ми-гийн хэлснээр, ням гарагийн байдлаар халдварын 133 тохиолдол гарсны 106 нь аяллын 13 багтай холбоотой байжээ.
Халдвар Хятадын муж, бүсийн гуравны нэгд гараад байна. Тухайлбал, Өвөрмонгол, Ганьсу, Нинся, Гуйжоу, Бээжин халдварт өртжээ. Аялал жуулчлалын агентлагуудыг эдгээр бүсээд аялахыг хориглож, нийслэлийн захиргаа нь ням гарагт хот руу орох хязгаарлалт тогтоожээ.
Өдгөө халдварын өндөр болон дунд эрсдэлтэй бүсээс ирсэн аялагчид Бээжинд коронавирусийн сөрөг хариутай байж, хоёр долоо хоногийн турш ажиглалтад байсны эцэст нийслэлд нэвтрэх эрхтэй.
Тэгвэл Өвөрмонголын Эзнээ хошуунд 12 шинэ өвчтөн илэрсний дараа нутгийн иргэд, жуулчдыг гэр, зочид буудлын өрөөнөөсөө гарахыг хориглож, Эрүүл мэндийн орон нутгийн хорооны захирал зэрэг 6 хүнд хатуу шийтгэл ногдуулжээ.
Ланьжоу, хөрш Ганьсу мужуудад амралтын өдрүүдэд аялал жуулчлалын бүхий л үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ зохион байгуулсан байна.
Эх сурвалж: TSN