Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр ” Салбарын ажилчдын цалинг нэмнэ. Гэхдээ хэдэн хувь нэмэх үү гэдгийг тооцоо судалгаа, төсвийн чадамж, улсын мөнгө санхүүгийн байдал зэргээс хамаараад байгаа юм. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой бөгөөд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой.
Энэхүү тооцооллоо хийгээд холбогдох газруудтай зөвшилцөөд төсвийн төсөлд тусгуулсан байгаа. Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд 56 мянган хүн ажиллаж байна. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг. Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нарын хувьд 547509 төгрөгийн цалин авч байна. Үүнийг 20 хувь нэмэгдүүлэхэд 657.010 төгрөг, нэмэгдэл цалин урамшуулалтайгаа 919.940 төгрөг болох юм.
Эрчимт, мэс заслын эмч нар одоо 885.763 төгрөгийн цалин авч байгаа бол 20 хувиар нэмэгдүүлбэл 1.062.915 төгрөг, нэмэгдэл цалин урамшуулалтайгаа дунджаар 1.6 сая төгрөгийн цалин хамгийн багадаа авах болно. Гэхдээ энэ бол бүх хүмүүсийн цалинг тэгшээр 20 хувь нэмэгдүүлэх хувилбар юм.
Гэвч цаашид бүх хүнд адил хэмжээгээр цалинг өсгөөд явах нь зөв үү гэдгийг бид ярилцаж байна. Миний хувьд сайд болсон цагаасаа хойш хэлж байгаа нэг зүйл бол салбарынхаа цалингийн доод босгыг тогтоож өгье. Тухайлбал шил угаагч гэхэд эмнэлгийн даргаас хамааран 5 өөр шатлалаар цалинжиж байгааг болиулъя. Бүтээмжид суурилсан цалинтай, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгоё. Эмнэлгүүд чадвартай мэргэжилтэндээ дээшээ хэдэн ч төгрөгийн цалин өгч болдог алхамыг бий болгоё гэж зорьж буй”.
Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжлийн бусад ажилчид ТҮЭМ-ээр шатлагдаж цалинждаг. ТҮЭМ-ийн шатлал нь үндсэн 9 шатлалтай. Шатлал бүртээ 5 дэд хэсгээр ялгагддаг. Аль шатлалаар цалинжуулах нь эмнэлгийн удирдлагын асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна. Энэ тогтолцоог өөрчилж олон шатлалыг арилгаж есөн шатлалтай болгоно гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотголоо.
Түүнчлэн “Ингэж шатлалыг цөөрүүлэхийн зэрэгцээ шатлал бүрийн хамгийн өндөр хэсгүүдийг салбарынхаа хамгийн доод цалингийн жишиг болгон тогтоож өгье гэдэг тооцооллыг гаргасан юм. Ингэвэл эмнэлэг ажилчиддаа сайн цалин өгөх боломж бүрдээд явна гэсэн үг. Энэ нь цаашдаа бидний эхлүүлээд байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон тогтолцоотой уялдсан, манай салбарт маш их хэрэгтэй зохицуулалт болно гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл сайн ажилтнууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэ тохиолдолд бидэнд 173 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэг болно гэж тооцоолсон.
Энэ нь цалинг 3-14 хувиар нэмэгдүүлэх тооцоолол юм. Хэдийгээр нөгөө хувилбараасаа бага нэмэгдэж байгаа сонсогдож магадгүй ч энэ нь босго цалин юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн эмнэлгийн удирдлагууд цалинг өсгөх гэхээр хязгаарлаад байгаа эрх зүйн зохицуулалт засагдана гэсэн үг юм. Тэгэхээр нөгөө л яриад байгаа хэн хөдөлмөрлөнө тэр илүү цалин авах эрх зүйн зохицуулалт нээгдэнэ. Харин бүгдийг ижилхэн 20 хувь нэмэгдүүлэхэд 145 тэрбум шаардлагатай” гэлээ.