Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага Хонконгод хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу төлөөлөгчийн газраа хаах болсноо мэдэгдлээ. Байгууллагын зүгээс Хятадын эрх баригчдын гаргасан хууль тогтоомж цаашид Хонконгод үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна гэжээ.
Эмнести Интернэшнл нь энэ бүс нутагт 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн хоёр ч салбартай. Хотын төвд байрладаг салбар 10 дугаар сарын 31 гэхэд хаагдах бол бүсийн салбар оны эцэс гэхэд нүүнэ.
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар гадаадын байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд тусгаар тогтнол, үндэсний эрх ашгаас урвасан гэмт хэрэгт тооцох болсон. Хуулийн энэ заалтаар олон улсын 35 байгууллага Хонконг дахь салбараа татан буулгахад хүрээд буй.