Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулсан Төрийн далбааны ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Төрийн далбааг мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол Улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, иргэдийн төлөөлөл байлцав.
Төрийн далбааг мандуулсны дараа Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид ёслолын жагсаал хийв. Иргэддээ эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд зарлиг гаргасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.