АНУ-ын технологийн аваргууд бүгд Хятадад үйл ажиллагаа явуулж байсан үе бий. Тэр ч байтугай Facebook хүртэл. Өнөөдөр тус улсаас технологийн аваргууд гарч “Apple” л үлдэж, түүний оролцоо улам бүр тод харагдах болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа Майкрософт компани “LinkedIn” олон нийтийн сүлжээгээ хааж байгаагаа зарлав. Тус компани Хятадын төрийн шаардлагыг дагаж мөрдөх нь улам бүр хэцүү болж байна гэж мэдэгджээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт Apple-ийн App Store-оос шашны алдартай хоёр програмыг устгасан талаар BBC агентлаг мэдээлэв. Дараа нь Amazon-ийн эзэмшдэг Audible болон Yahoo Finance программыг мөн татан буулгасан нь тодорхой болсон юм.
App Store-ыг хянадаг Apple Censorship групп энэ сард устгасан программуудын тоо нэмэгдсэн гэж мэдэгджээ. Тэгэхээр энд технологийн том тэмцэл өрнөж байна гэсэн үг юм.
Бээжингийн хаалттай хаалганы цаана юу болж байгааг тооцоолоход хэцүү байдаг. Гэсэн хэдий ч Apple болон Майкрософт компаниуд эрх баригчид болон Хятадын технологийн салбарын хоорондох дотоодын тулаанд оролцож байгаа нь улам бүр тодорхой болж байна.
Хятадад Тенсент, Алибаба, Хуавэй зэрэг өөрийн гэсэн технологийн томоохон титанууд байдаг бөгөөд Хятадын засгийн газар тэдний эзэмшиж буй эрх мэдлийн талаар санаа зовж байгаа юм. Дөрөвдүгээр сард Алибаба зах зээлийн давамгай байдлаа урвуулан ашигласан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоны дараа 2.8 тэрбум доллар буюу 2 тэрбум фунт стерлингийн торгууль төлөхийг хүлээн зөвшөөрсөн юм.
Наймдугаар сард Хятадын засгийн газар технологийн эдийн засгийн зохицуулалтыг чангатгах таван жилийн төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд биткойны эсрэг ч томоохон тэмцэл өрнүүлж байгаа юм. Энэхүү технологийн том тэмцлээс Америкийн компаниуд ангид үлдсэнгүй.
“Хятадын агуу галт хана” номын зохиолч Жеймс Гриффитс “Энэ арга хэмжээ нь Apple болон Майкрософт хоёр өөрсдийн байр суурь сүүлийн жилүүдийнхээс илүү сул байгааг маш сайн мэдэж байгааг харуулж байна. Тэд болгоомжтой алхах хэрэгтэй гэдгийг мэдэж байна” хэмээн дүгнэжээ.
Сүүлийн улиралд Apple Хятад, Тайваньд бараг 15 тэрбум долларын орлого олжээ. Хятадын аль ч томоохон хотод “Apple”-н тэргүүлэх дэлгүүрүүдтэй таарч болно. Хятадад байхын тулд “Apple” тус улсын дүрмийн дагуу ажиллаж, тус улсын аажмаар чангарч байгаа цензурт дасан зохицож байна.