Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг шантаажилсан гэж мэдээлэн Цагдаад гомдол гаргасан. Тэгвэл үүнийг Цагдаагийн байгууллага шалган Сангийн сайд Б.Жавхлан болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Харин УИХ-ын гишүүн асан С.Жавхланд цагдаа болон прокурорын байгууллагаас тайлбар мэдүүлэг өгөх хүсэлтийг тавьсан ч мэдүүлэг өгөхгүй байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Иргэн О.Отгонтөгс олон нийтэд “УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлнэ гэж дөрвөн тэрбум төгрөгийг Сангийн сайд Б.Жавхлангаас шантаажилсан” гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хүргэсэн. Ингээд иргэн О.Отгонтөгс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас Сангийн сайд Б.Жавхлан Сангийн яаманд ажилладаг гурван гэрчээс мэдүүлэг авсан. Дараа нь албаны утсаар УИХ-ын гишүүн асан С.Жавхлан руу 11 удаа залгахад утсаа аваагүй. 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн боловч ирээгүй.
Өчигдөр дахиад өгсөн боловч хүлээж аваагүй. Харин өнөөдөр Прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой. Бид хуулийн дагуу тайлбар мэдүүлэг авах саналаа удаа дараа өгсөн. Тиймээс дараагийн арга хэмжээ бол шүүхийн захирамжаар албадан ирүүлэх. Гэхдээ УИХ-ын гишүүн байсан хүний хувьд цагдаагийн байгууллагад хүндэтгэлтэй хандан тайлбар мэдүүлэг өгөх байх гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.