Дуунаас хурдан зэвсэг бүтээхэд шаардлагатай технологийг турших явцдаа 3 пуужин хөөргөсөн гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сайтад мэдээлжээ.
Тэнгисийн цэргийн хүчин, Хуурай замын дайчид хамтран туршилтыг лхагва гарагт Уоллопс арал дээрх НАСА-гийн сансрын буудлаас явуулжээ. Сайтын мэдээнд “Геофизикийн гурван пуужин хөөргөж, энэ явцдаа дуунаас хурдан технологийн туршилт явуулсан бөгөөд туршилт амжилттай болсон” хэмээн өгүүлжээ.
Геофизикийн пуужин ашигласан энэхүү туршилт нь дуунаас хурдан зэвсэглэлийн системийн газрын туршилт, бүрэн хэмжээний нислэгийн системийн завсрын үе шат юм. Ингэж хөөргөх нь дуунаас хурдан технологийг цаашид илүү сайжруулах зорилготой тогтмол туршилт явуулахад дөхөм болгодог аж.
Пентагоны эрх бүхий албан тушаалтнууд нэг биш удаа дуунаас хурдан зэвсэг үйлдвэрлэлээрээ Орос, Хятадаас хоцорч байна хэмээн мэдэгдэж ирсэн. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Хятадын туршсан дуунаас хурдан пуужинд түгшүүртэй хандсан гэдгээ мэдэгдсэн байна.