Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2021.10.21/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулж, ард түмэн, Улсын Их Хуралд хандаж хэлсэн үгэндээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэдгээ мэдэгдсэн.
Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар Эдийн зааг, хөгжлийн сайдын эрхлэх асуудал, эрх зүйн байдлын талаар асуулт асууж, хариулт авсан. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Н.Энхболд, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн төсөлд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлыг явцуу тусгасан бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбар дундын шууд удирдлагыг хэрэгжүүлэх боломж хангалттай тусгагдаагүй байгааг төслийн анхны хэлэлцүүлгийн үед анхаарч, Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байгаа холбогдох төсөлтэй уялдуулах шаардлагатай гэсэн санал хэлсэн хэмээн танилцуулгадаа дурдсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг нар эдийн засгийн хөгжлийн урт болон богино хугацааны бодлого алдагдаад байгаа энэ үед Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, яамны чиг үүргийг тодорхой болгох, гадны зээл тусламж, концесс, төр, хувийн хэвшлийн асуудал, ажилгүйдлийг бууруулах зэрэг хөгжлийн бодлого руу чиглэсэн асуудлыг яамны эрхлэх асуудлын хүрээнд тусгах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.
Дээрх хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.