АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Trump Media & Technology Group гэсэн медиа групп байгуулж, өөрийн платформоо эхлүүлж байгаагаа зарлажээ. “Америкийн эсэргүүцэгчдийн дуу хоолойг хаасан” технологийн том компаниудын дарангуйллын хариуд өөрийн нийгмийн сүлжээг бий болгож байна гэдгээ мэдэгдсэн Д.Трампын шинэ олон нийтийн сүлжээ нь “TRUTH social” нэртэй байх юм байна.
Трамп шинэ платформоо ямар ч цензур байхгүй хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд “бүх хүмүүст үг хэлэх эрх чөлөө өгнө” хэмээн амлаж байна. Тэрбээр “TRUTH social” олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Америк дахь сөрөг хүчний дуу хоолойг хаах зорилготой, нэг талын хүчинд үйлчилдэг технологийн томоохон компаниудтай нүүр тулах” бодолтой байгаа аж. Мөн Трамп өөрийн медиа групп нь “либераль медиаконсорциум”-ын өрсөлдөгч болохын дээр Цахиурын хөндийн технологийн компаниудад цохилт өгнө гэдэгт итгэлтэй байгаа аж.
Америкийн экс Ерөнхийлөгчид Фэйсбүүк, Твиттер компаниудын хатуухан хандаж, энэ оны эхээр явагдсан сонгуулийн санал хулгайлагдсан, нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолийн үймээний үеэр үндэслэлгүй мэдэгдэл хийсэн гэдэг үндэслэлээр олон нийтийн сүлжээний хаягуудыг нь хааж, олон нийттэй харилцах боломжийг нь алдагдагдуулсан билээ.
Тиймээс энэ оны гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп олон нийтийн сүлжээ бий болгохоор зэхэж байгаа талаар “The Truth with Lisa Boothe” подкастад ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан юм.