Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлын үеэр Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа 2021 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцуулав.
Түүний мэдээлснээр Монгол Улсын шүүх дээрх хугацаанд 62,138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
Тухайлбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд энэ оны гуравдугаар улиралд
- эрүүгийн 8,668,
- иргэний 29,970,
- захиргааны 1,222 хэрэг,
- зөрчлийн 15,857 буюу нийт 55,717 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
Мөн 15,980 хүн, 61 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1,107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1,020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1,436 хүний цагдан хорих хугацаа сунгасан байна.
Давж заалдах шатны шүүх 2021 оны гуравдугаар улиралд эрүүгийн 1,574, зөрчлийн 406, иргэний 1,956, захиргааны 994 хэрэг, нийт 4,930 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх дээрх хугацаанд эрүүгийн 273, иргэний 1,092, захиргааны 126 хэрэг нийт 1,491 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1,105 хуралдаанд 1,121 иргэдийн төлөөлөгч оролцжээ.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл