УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслүүдийг Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, ард түмэн, УИХ-д хандаж хэлсэн үгэндээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэдгээ мэдэгдсэн.
Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэлээ.
Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын асуудлыг хөндөв
Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
УИХ-ын гишүүд төрийн өмчийн удирдлага зохицуулалтын асуудал, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайдын алиных нь эрхлэх асуудлын чиг үүрэгт байхыг тодруулах, яам хоорондын уялдааг сайн хангах, яамдын дор олон агентлаг байгуулж, төрийн бүтцийг улам томруулдаг асуудлыг бодолцож үзэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Эцэст нь хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал, хууль ёсыг дээдэлсэн авлигагүй төрийн алба, төрийн албаны үйлчилгээний чанар хүртээмж”-ийн талаар тусгаж, шинэ үеийн төрийн албаны хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон.
Түүнчлэн засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн төрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан мөрдүүлж байна.
Гэвч бодит байдал дээр улс төрийн албаны томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргах, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байх үзэгдэл хэвээр байна. Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир төрийн албанд сүүлийн жилүүдэд хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэх боллоо.
Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал бий болсон учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж буй аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийнтөслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Мөн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн талаар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр баталсан УИХ-ын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.
УИХ-ын гишүүн Олон Улсын Парламентын холбоо, Олон Улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцлийг хаасан төдийгүй хэрэв сонгогдох бол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалт болсон байна.
Дээр дурдсан Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын Парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг.
Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднээс УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулгадаа дурдсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.