Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс энэ оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 2711 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллажээ.
Үүнээс 2118 нь “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу 25 түүнээс дээш албан хаагчтай байгууллага байгаа бол 593 нь 25 хүртэл тооны албан хаагчтай байгууллага байна.
Мөн дээрх хугацаанд Ёс зүйн зөвлөлүүд нийт 1591 ёс зүйн зөрчил шийдвэрлэснээс 475 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгох, 1050 албан хаагчид сануулах шийтгэл ногдуулах, 11 албан хаагч сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөж, 55 албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гомдлоор 945, мэдээллээр 240, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15, олон нийтийн сүлжээгээр 22, байгууллагын дотоод хяналтаар 895-ыг тус тус илрүүлсэн.
Ёс зүйн зөрчлийг агуулгаар нь үзвэл ажлын хариуцлага алдсан зөрчил 81, албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан зөрчил 96, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил 7, ажлын цаг ашиглалтын зөрчил 6, харилцаа хандлагын зөрчил 148, нууц задруулах, захирах захирагдах ёсыг зөрчих, албаны нэр барих, байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглах зэрэг бусад зөрчил эзэлж байна.
Мэдээллийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан дээр хийсэн Төрийн албаны зөвлөлийн мэдээллээс иш татав.