Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) чухал үүрэгтэй бөгөөд дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Албан ёсны бүртгэлтэй ЖДҮ нь хөгжиж буй орнуудын ДНБ-ий 40 хувийг бүрдүүлдэг.
Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд арван ажлын байр тутмын долоог ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг.
Үндэсний статистикийн хорооны 2020 оны урьдчилсан дүнгээр Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар бүртгэлтэй 190.830 аж ахуйн нэгжээс 94.492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 67 хувь буюу 64.252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52.5 хувь буюу 614.346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, ДНБ-ий 17.8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2.4 хувийг үйлдвэрлэж байна. Ажиллагсдын тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 93.1 хувь нь 1-9 хүртэл, 6.3 хувь нь 10-49 хүртэл, 0.6 хувь нь 50-199 хүртэл ажиллагсадтай байна.
Сүүлийн жилүүдэд олон улс орон ЖДҮ-ийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, бизнесийн мөчлөгийн үе шат бүрт нийцсэн санхүүгийн хэрэгслүүдийг санал болгох зэргээр ЖДҮ-ийн уламжлалт банкны зээлээс хэт хамааралтай байдлыг бууруулахад анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, Украйн, Швейцар, Мексик, Чили зэрэг 39 улсад ЖДҮ-г дэмжих тусгай банк байдаг бол Солонгос, Япон, Турк, Франц, Казахстан, Канад, Герман, Хятад, Камбож зэгэр 40 гаруй улсад ЖДҮ-ийн сан ажилладаг байна. Мөн олон оронд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрүүд нь ЖДҮ-ийн санхүүжилтийн бодлогын хоёр дахь нийтлэг хандлага болжээ.
Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албатай нэгтгэн зохион байгуулалтад оруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 40 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын хийсэн судалгаанаас үзвэл дийлэнх улс орнуудын ЖДҮ эрхлэгчид арилжааны банк, хувийн санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахаас гадна Засгийн газрын бодлогод суурилсан тусгай сангуудаас зээл авдаг байна. Түүнчлэн төрийн өмчит санхүүгийн байгууллагад олон улсын банк санхүүгийн байгууллага, хамтын ажиллагааны байгууллагаас хямд өртөгтэй, урт хугацаатай эх үүсвэр татан төвлөрүүлэх боломж илүү их байдаг.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг гол асуудлын нэг нь санхүүжилтийн хүртээмж юм. Том корпорацуудтай харьцуулахад ЖДҮ эрхлэгч банкнаас зээл авах магадлал бага байдаг тул санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нээх шинэлэг шийдлүүдийг олох хэрэгтэй.
Мөн олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, ЖДҮ-ийг дэмжих төрийн бүтцийг оновчтой болгон орон нутагт хэрэгжүүлэгч бүтцийг бий болгох, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих төр-хувийн хэвшил, олон улсын донор байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий санхүүжилтийн корпорац байгуулах, ЖДҮ-ийн холбоотой бүх үйлчилгээг нэгтгэх хэрэгтэйг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өчигдөр Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаан дээр мэдэгдлээ.