Эх сурвалж: Г.РАВЖАА
Олон үндэстэн дамнасан, Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, АНУ-ын харьяат Н.Т.Л гэх 65 настай эрийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн үдэш баривчиллаа.
Түүнийг манай улсын харьяат хоёр эмэгтэйтэй Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Шангри-Ла” зочид буудалд байхад нь саатуулсан бөгөөд өрөөнөөс нь их хэмжээний валют, санхүүгийн хуурамч бичиг баримтууд, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг эд мөрийн баримт болгон манай хууль сахиулагчид хураажээ.
Тэрбээр АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан, хуурамч цахим шуудан (и-мэйл)-гаар Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй интернэтээр холбоо тогтоож, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлсэн байна.
Улмаар дээрх хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл хийж, төлөөлөгч нь хэмээн өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад иржээ. Ирсэн даруйдаа Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очин эрх бүхий албан тушаалтных нь гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулсан нь шалгалтаар тогтоогдсон аж.
Уг хуурамч баталгаагаа ашиглан “Хөрөнгө оруулалтыг ЭСЯ-наас баталсан” гэх ойлголт, итгэлийг манай аж ахуйн нэгжийн удирдлагуудад төрүүлсэн гэнэ. Ингээд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаанд шаардагдах 500 мянган ам.долларыг Монголын талаас нэхэмжилж Хонконг дахь арилжааны банкны данс руу тав хоногийн дотор шилжүүлэхийг аж ахуйн нэгжийнхнээс шаардсан нь ч тогтоогдсоныг эх сурвалжууд мэдээллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний ашиглаж байсан гар утас, компьютерт гадаадын олон улсын банкны хуурамч итгэмжлэл хийж, хадгалсныг нотлох баримт гэж үзэж буй гэнэ. Түүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ныхон шалгаж, эрэн сурвалжилж байсан бөгөөд Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн гэдгийг манай хууль сахиулагчдад ЭСЯ-ныхнаараа дамжуулан мэдэгдсэн гэнэ.