Афганистаны ДХЯ, БХЯ, тагнуулын албаны хамтарсан комисс талибууд дундаас авлигажсан этгээдүүдийг цэвэрлэх зорилгоор Афганистанд үйл ажиллагаагаа эхэллээ.
ДХЯ-ны төлөөлөгч Кари Саид Хости өмнө нь мэдэгдэхдээ, “Талибан”-аас томилогдсон Афганистаны түр Засгийн газар эгнээнээсээ авлигад идэгдсэн зохисгүй этгээдүүдийг цэвэрлэх комисс байгуулна гэж байжээ. Энэ нь төрөл садныхаа тусламжтайгаар албан тушаал авсан хүмүүс, гэмт этгээдүүдэ, өмнөх амьдрал нь эргэлзээтэй, эсвэл нутгийн иргэдийн дунд үзэн ядалт төрүүлдэг эрх бүхий хүмүүс байх гэнэ.
“Исламын эмиратын сайд нарын зарлигаар тагнуулын ерөнхий газар, БХЯ, ДХЯ-наас байгуулагдсан, “Талибан”-ы эгнээ, бүлгийг цэвэрлэх хамтарсан комисс нь өнөөдөр албан ёсоор орон даяар үйл ажиллагаа явуулж эхэллээ” хэмээн хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид Twitter-т бичжээ.
Талибууд наймдугаар сарын эхээр засгийн газрын хүчин рүү давшилтаа идэвхжүүлж, наймдугаар сарын 15-нд Кабул руу дайран орж, маргааш нь дайн дууссаныг зарласан юм. Наймдугаар сарын 31-ний шөнө Америкийн цэргүүд Кабулын нисэх онгоцны буудлыг орхиж, 20-иод жил Афганистанд цэргийн ажиллагаа явуулсандаа цэг тавьсан аж. Есдүгээр сарын 6-нд талибууд өөрсдийнхөө хяналтанд Панжшерийг шилжүүлэн авч, Афганистаны түр Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарласан юм. Засгийн газрыг “Талибан”-ы эхний удирдлагын үеэр ГХЯ-ны тэргүүнээр ажиллаж байсан, НҮБ-ын хоригт багтсан Мохаммад Хасан Ахунд толгойлжээ.
Эх сурвалж: RIA