БНХАУ-ын Эрээн боомтод энэ сарын 14-нд Covid-19 халдварын нэг тохиолдол илэрч, Хятадын тал Эрээн, Замын-Үүд боомтын үйл ажиллагааг зогсоогоод тав хонож байна. Коронавирусын халдвар илэрсний дараа Эрээн хотын 70 гаруй мянган хүнээс шинжилгээ авч, нэмж хоёр хүнээс Covid-19 халдвар илрүүлж, ойрын 33, дам 25 хавьтлыг илрүүлсэн талаар Хятадын талаас мэдээлжээ.
Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар “Хоёр дахь шинжилгээ Эрээнд аравдугаар сарын 21-нд, давтан шинжилгээ аравдугаар сарын 28-нд авагдах төлөвтэй байгаа талаар Гадаад харилцааны яаманд мэдэгджээ.
Манай Гадаад харилцааны яам БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Бээжин, Хөх хот, Эрээн хот дахь Элчин сайдын яам, Консулын газарт хилийн боомтын үйл ажиллагааг хурдан сэргээх чиглэлд хүсэлт тавьсан байна.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдож, хилийн 0 цэгт ачаа тээвэр солилцох зэрэг хэд хэдэн хувилбарыг ярьж байгаа аж. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд “Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна. Төвөөс албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ” гэсэн хариултыг өгсөн. Бид хилийн боомтын асуудлаар өдөр бүр харилцаж байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр NEWS сайтад өгсөн байна.
Мөн Хил хамгаалах ерөнхий газар ZINDAA сайтад “Замын-Үүд, Эрээний боомт нь экспорт, импортын голлох томоохон олон улсын боомт учраас удаан хугацаагаар хаах боломжгүй юм. Эрээн хотын төлөөлөгчийн газрын шугамаар мэдэгдэл ирүүлэхдээ цар тахлын нөхцөл байдал болон хилээр шалган нэвтрүүлэх ариутгалын төхөөрөмжид эвдрэл гарч засах шаардлага үүссэн тул зорчих хөдөлгөөнийг түр хааж байгаа талаар дурдсан.
Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын зорчих хөдөлгөөний талаар байгуулсан гэрээний заалтад халдварт өвчний улмаас үүссэн нөхцөл байдал, шийдвэрийн талаар шуурхай мэдээлэл солилцох талаар заасан байдаг. Харин тус гэрээгээр хэд хоногийн хугацаатай хөдөлгөөнийг зогсоох талаар заалт байдаггүй. Одоогоор хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд шуурхай арга хэмжээ авахаар албаныхан ажиллаж байгаа” хэмээн мэдэгджээ.