НИТХ-ын 2013 оны тогтоолоор 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Батлагдсан 52 байршлаас 44 байршил зарлагдаж, иргэдээс хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэн баталгаажуулах, газар өмчлөх иргэдийн сонголт хийх зэрэг үе шатны ажлуудыг цахимаар зохион байгуулан, Нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 42 байршилд нийт 69.836 иргэнд 3501.28 га газрыг өмчлүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам, Өндөрхаан уулын байршлуудад нийт 2683 нэгж талбар зарлагдсанаас 2288 иргэн цахимаар сонгогдож, 2134 иргэн кадастрын зургаа хийлгэж, өргөдлөө баталгаажуулсан боловч газар өмчлөх шийдвэр гараагүй байна. Учир нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн дүгнэлтээр Өндөрхаан уулын байршилд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр гурав, дөрвөлжин булш 47, Бурхантын аманд дөрвөлжин булш нэг, нийт 51 дурсгал илэрсэн. Иймээс 36-р байршлын сонгогдсон 330 нэгж талбарыг суурьшлын бүсээс чөлөөлөх, зайлшгүй тохиолдолд авран хамгаалах малтлага, судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Нийслэлийн Засаг дарга зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Бурхантын аманд сонгогдсон 1804 иргэн, Өндөрхаан ууланд сонгогдсон 330 иргэний нэгж талбарыг Бурхантын амны нөөц үлдсэн байршилд төлөвлөлтийн дагуу байршуулж, нийт 2134 иргэний газар өмчлөлийн захирамжийн төсөл боловсруулан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгов. Мөн цахим системээр сонгон шалгаруулалт явагдсан 44 байршлаас дэд бүтэц тавих боломжтой эхний найман байршилд гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зургийн төсвийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа.