Монгол Улсын Засгийн газар 78 улс орнуудын сайн дурын олон талт санаачилга болох Нээлттэй Засгийн Түншлэл (www.OpenGovPartnership.org, цаашид “НЗТ” гэх)-д 2013 онд нэгдэн орсон. Өнгөрсөн хугацаанд “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III-ыг хоёр жил тус бүр үе шаттайгаар хэрэгжүүлээд байна.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс “Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2024” оны үйл ажиллагааны үндэсний Төлөвлөгөө-IV”-ийн төслийг боловсруулахад хувийн хэвшлийн санал, санаачилгыг тусгаж ажиллах талаар нээлттэй санал солилцох хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.
НЗТ-ийн олон улсын элч төлөөлөгч Л.Төр-Од НЗТ-ийн Засаг төрийг нээлттэй, хариу үйлдэлтэй байлгахад хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах, Герман, Гүрж, Солонгос зэрэг улс оронд хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар танилцууллаа. ЗГХЭГ-ын референт Р.Дүүрэнбаяр, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд сайн засаглал хариуцсан зөвлөх Ч.Болортуяа нар үндсэн илтгэгчээр оролцлоо.
Хэлэлцүүлэг уулзалтад Монголын Барилгын үндэсний ассоциаци, Улаанбаатар Худалдааны танхим, мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, МҮХАҮТ-ын дэргэдэх Тээвэр зуучийн зөвлөл, Траст трэйд ХХК, Лхамур ХХК, “Хар чонот” ХХК, Ноосон зангилаа дундын хоршоо, ICTSG мэдээллийн технологийн компани зэрэг хувийн хэвшлийн салбар бүрийн төлөөлөл оролцож Монгол Улсын НЗТ-ийн 2021-2024 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөлд тусгах тодорхой саналаа уламжлан хүргүүлэв.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв нь Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, хувийн хэвшилд авлигаас ангид орчныг дэмжих нэгдмэл зорилготой байгууллагууд болох “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “РиоТинто Монгол” ХХК, Танхимын хамтарсан санаачилгаар хэрэгжүүлж буй “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” хөтөлбөр төслийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Засгийн газар